Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Бурхантай барьцагсад
2015 оны 11 сарын 9 [Уншсан тоо: 64036]

God is a popstar, and the show starts now
God is a popstar, hear the screaming crowd
God is a popstar, master of it all
God is a popstar, "til the curtain falls

   Oomph! Хамтлагийн “God Is A Popstar” дуу


Бурхан бол хорвоогийн хамгийн популист бодьгал мөн. Энэ амьдралд биелшгүй орчин нөхцөл, амар амгалан, хайр халамж, амраг сэтгэл, шударга ёс, эд баялаг, идээ будаа, гутал хувцас... ер нь л хүний амьд ахуйдаа эдэлж чадаагүй, чадах ч үгүй бүхнийг Бурхан огтоос эргэлзэлгүй амалдаг учраас хүн төрөлхтөн түүнд итгэсээр ирсэн билээ. Бурханы нэр хүнд сүүлийн ганц хоёр зуунд сүрхий ганхсан боловч “жаргал гэмээн согтоож ирэхийн цагт Бурханыг бид мартаж, зовлон гэмээн цочоож ирэхийн цагт Бурханыг бид санадаг” юм хойно тэрбээр өрсөлдөгч нараасаа хавьгүй чансаа өндөртэй яваа. Бурхан бол чанадын популист ажгуу. Гэхдээ бидний түүхийн туршид Бурхантай мөчөөрхөгсөд оршсоор байсан бөгөөд цаашдаа ч улам олшрох төлөв тодорхой харагдаж байна. Тэднийг бид өдгөө “популистууд” хэмээн нэрлэж заншжээ. Популистуудын үг яриа, үйл хөдлөл Бурханыг давах гэсэн мэт харагдах авч амьдралын үнэний өмнө амархан бүдэрдэг сул талтай.

АЛАГ МОРЬ

Бурхан хүнээс дээгүүр оршихуй гэдгээ шууд зарладаг. Харин популистууд хүн лугаа адил гэдгээ боломж гарах тоолонд батлах гэж хичээдэг. Цогт хунтайж цагаан ястай, язгууртан атлаа ард олонтойгоо адил алаг морь унадаг байсан гэх домог өнөөдрийг хүрчээ. Бидний сайн мэдэх эртний популист бол Цогт хунтайж. Ард түмэн удирдагч нь ядаж л гадаад байдлаараа өөрсөдтэй нь адил байгаад нэн талархалтай ханддагийг Цогт олж харсан байна. Харин сүүлийн дөрвөн жилийн дотор Цогтыг давах популист улстөрчдийн дундаас олноор төрлөө. Монголын толгой баячуудын тоонд багтдаг Зам тээврийн сайд М.Зоригт эгэл боргилд амьдралд хамгийн элэгтэй монгол хүн болж хувирсан. М.Зоригтын Фэйсбүүк, Твийтэрээс охид хүүхнүүдийн зургаас гадна хөдөө хөхөрч, гадаа гандавч огтоос ажрахгүй суугаа төрх олж харах учиртай юм. Тэдний гэр бүл хоол хүнсэнд сардаа хэдэн төгрөг зарцуулдгийг нь мэдэхгүй, гэхдээ М.Зоригтын зургаар бол толгой, цувдайхан. Хүн амынх нь 30 хувийг эзлэдэг ядуус тийм л юмаар гол зогоож байхад түүний энэ зураг хамгийн “гоё” нь билээ.

Юу байгаагаа бөхдөө барьж гүйдэг Монголын дэвжээнд 10 жил завсарлагагүй шахам босоо үлдэж, хамаг шагналыг нь хамсан Даяар дуурсагдах далай даян дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүн болсноосоо хойш даруухан амьдралтай хүний нэгээр тодорсон. Монголд анхны Patrol жийпээр гангарч явсан аварга өнгөрсөн өвөл өөрөө яажшуухан багтдаг юм гэмээр хөгийн машин унасан зургаа олонд харуулав. Жижигхэн ч болов машингүй иргэд олон байгааг анзаарсан Б.Бат-Эрдэнэ ердөө маргааш нь л нийтийн тээврээр зорчиж яваагаа тунхаглан зарлаж байлаа. Өнөө цагт алаг морийг автобусаар орлуулах нь хамгийн ухаалаг арга яах аргагүй мөн. Популист улстөрч баян чинээлэг байх тусмаа эгэл ард шигээ амьдардаг мэт, ядаж л тэдний дунд яваа мэт сэтгэгдэл төрүүлэхийг хичээдэг аж.

АЛАГ ЗҮРХ

Олонхын санал авсан нь эрх мэдэл, эд хөрөнгөд хүрдэг учир ардчилалын жилүүдэд популистын тоо эрс нэмэгдсэн билээ. Аль ч намын анхны ардчилсан сонгуулийн уриаг өнөөдрийнхтэй нь харьцуулж үзвэл газар тэнгэр шиг ялгаа харагдана. Энэ зуур манай улс төрд зөвхөн популизм хийж амьдардаг бүлэг бий болжээ. Популистын ярьж хэлж байгаа нь энгийн хүний сэтгэлд амархан хүрэх боловч учир шалтгааныг нь ухаад үзвэл бүтэшгүй зүйл байдаг. Ар гэр, эхнэр хүүхдээсээ илүү эх орон, ард түмнээ гэж яваа улстөрч эрх мэдэлд хүрсэн хойноо л ахуй амьдралаа сэвхийтэл өөд татдаг сул талтай юм. Бие дааж УИХ-ын гишүүн болоод Ардчилалын бэлгэ тэмдгийн хэмжээнд хүртэл үнэлэгдэн гялалзаж явсан Л.Гүндалай хүссэн албан тушаалыг нь өгөхгүй гэмэгц намаасаа гарч “Ард түмний нам” байгуулсан. Төдөлгүй албан тушаалаа ашиглан идэж уусан нь тогтоогдоод шоронд ачигдахын даваан дээр намаа татан буулгаж АН-даа эргээд элсэв. Гэвч сонгуульд ялаагүй учир суудалгүй хоцорчихоод “Ард түмнээ хайрлая” намаа бүртгүүллээ. Чухам дээрээ УИХ-ын ганцхан суудлын төлөө байгуулсан нам ард биднийгээ хайрлахыг хэзээ ч бид үзэхгүй. Харин олонхын санал авахын тулд бусдыг үймүүлэх, алиалж марзагнахыг нь хангалттай харна. Өдгөө Монголын хамгийн өндөр чанаастай улстөрчөөр тодорчихоод яваа “Босоо” хэмээх С.Ганбаатарын амжилтын нууц улстөрийн албан тушаал хашаагүйд нь л бий. Түмнийг уриалан жагсаж Төрийн ордон гороолж яваад нэг эргээд харахад дотор нь ороод суучихсан байсан энэ залуу ирээдүйд бидэнд ихийг үзүүлнэ. Өөрийгөө 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгч болчихсон хэмээн төсөөлж яваа С.Ганбаатар үүнийхээ төлөө хэнтэй ч ямар ч улстөрийн наймаа хийхэд бэлэн суугаа. Гэхдээ түүний алагхан зүрх одоохондоо ард биднийгээ гээд тайван ч унтаж чадахгүй Ховдын хязгаараас шөнө дөлөөр улстөрийн мэдэгдэл хийхтэйгээ нинжин байгаа. Бурхан бол бид хувь заяагаа итгэн даатгуулж гэмээн л сая худал үнэн нь хэзээ ч үл ялгагдах тансаг амлалт өгдөг оршихуй билээ.

БААСТАЙ БУРХАН

Бурхан бол популист. Энэ амьдралдаа гагц буяныг хичээж амьдарсан хүн үхсэн хойноо л эдэлж дуусахгүй жаргалд умбана гэж ичихгүй ч амалдаг улстөрч юм. Харин түүний амлалт үнэн эсэхийг одоогоор хэлээд өгөх сүсэгтэн-талийгаач тодроогүй байна. Бидний төлөө амь амьдралаа зориулахад бэлэн явсан популистууд эрх мэдэлд хүрээд захаасаа гууль нь цухуйгаад ирсэн билээ. Хэдүүлээ одоо бол популистуудыг гууль нь цухуйсан ба хараахан цухуйгаагүй гэж хоёр ангилах зүйтэй. Бурхан хүртэл баастай байдаг гэнэлээ.
                                    
         2015.09.30



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn