Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Боби
2016 оны 1 сарын 5 [Уншсан тоо: 63714]

И.Болоожийн “Нар инээдэг юм” дуунд эв хав муутай ч чин сэтгэлээсээ бүжиглэх багачууд. Боби санаанд оров. Олон жил хөрш явсан айлын бага охин. Дауны синдромтой юм. Бусад хүнээс өөр мөртөө хооронд нь ялгахын аргагүй адилхан царайтай хүүхдүүдийг бид басчиг “гадарладаг” болжээ. Хорь гаран жилийн өмнө Бобигийн аав хүнээс нуудаг охиноо “эмч нарын буруугаас эмгэг олсон” гэдэгт эргэлзэхгүй байж билээ. Эмч эцэг минь хромсомын гажгаас үүдэлтэй “дауны синдром”-ын тухай тайлбарлаж өгсөн ч үнэмшихийг хүсээгүй юм. Гэрийнх нь хаалга онгойхыг анаж суугаад эрчээрээ гүйсээр орж ирдэг Боби манайхныг захаас нь барьж аваад үнсдэгсэн. Ах, эгч нар нь удалгүй дүүгээ хөтлөөд гарна. Намайг хүүхдийн эцэг болоход Боби өнөөх зангаараа охиныг минь үнсэж, таалж байгаад явна. Охин маань өдөр хоногоор өсөж, хэвлүүхэн хэрсүү амьтан болоход Боби нар шиг инээдэг балчир хүүхэд чигтээ л үлдэж билээ. Цэвэр тохиолдлоор Бобигийн доод давхрын айлд дауны синдромтой охин төрөв. Эцэг, эх нь залуу улс ч дахиж хүүхэд төрүүлсэнгүй. Эмч нарын үгэнд итгэсэнгүй юу эсвэл өөр шалтгаан байсан уу, бүү мэд.
   
Дэлхийн статистикаар 800 төрөлт тутмын нэгэнд нь дауны синдромтой хүүхэд төрж байгаа гэнэ. Монголд жилд 50 мянга орчим хүүхэд төрдөг. Харин Монголын дауны холбоо өдгөө 300 орчим гишүүнтэй аж. Мэдээлэл дутмагаас эс бөгөөс ичиж зовсондоо дауны синдромтой хүүхдээ хүнээс нуудаг бидний зан хэвээрээ. Энэ жаалуудыг нар үзүүлэхгүй байлаа гээд эдгэхгүй гэдгийг яаж ч хэлээд ойлгохгүй байгаа хүмүүст хүрэх гэж Монголын дауны холбоо найман жил ажиллаж байна. Тэд анх удаа хамтдаа шинэ жил тэмдэглэлээ. Шангри Ла зочид буудал Монголын дауны холбоотой гэрээ байгуулж гурван жилийн турш хүүхдэд зориулсан баяруудыг үнэ төлбөргүй тэмдэглэж өгөхөөр болсон гэнэ. Шинэ жилийн олон арга хэмжээнд дарагдсан Шангри Ла зочид буудал сүлд модныхоо гэрлийг энэ  жаалуудаар асаалгав. Бас дауны синдромтой гурван залууг ажилд авахаар сургаж байна. Ахин дахин давтагдах нэг хэмийн үйлдлийг огтоос уйдаж залхалгүй хийж чаддаг тэдний чадварыг хөгжилтэй орнууд шударгаар үнэлдэг юм. Хүн төрөлхтөн “нарны хүүхэд” хэмээн өхөөрддөг багачуудад нар үзүүлээд зогсохгүй нийгэмшүүлбэл хүмүүн заяаг олж төрснийх нь хэрэг бүтдэг гэнэм.

            ... Өөдөөс нь би баясан инээж
        Өөдсийн чинээ гараа өгсөн юм
        Алтанхан нар түүний хариуд
        Алган дээр минь элчээ тавьсан юм...

Зовлон, жаргалын ая сүлэлдсэн энэ орчлонд жаргал гэдэг ганцхан хөг мэддэг төрснөөс өөр гэмгүй багачууд баяр хөөртэй бүжиглэсээр. Хөршийн охин Боби хүний орчлонгийн хаа нэгтээ нар шиг инээчихсэн яваа гэдэгт итгэхийг би хүснэм.
            
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив