Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Популизмын жил
2016 оны 1 сарын 22 [Уншсан тоо: 97881]

Муу нүүрт хэмээх мичин жилийг манай дэлхий “популизм” гэдэг тамгатай өнгөрөөнө. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй Дональд Тармп; Их Британий Хөдөлмөрийн намын тэргүүн, манай “Босоо Ганбаа”-ийн садан Жэрэми Корбин; дампуурсан Грекийн 185 дахь Ерөнхий сайд Алексис Ципрас; Францын Үндэсний фронт намын дарга Марин Лэ Пэн; хамгийн олон жил бие даагчаар АНУ-ын Конгресст сонгогдсон гишүүн Берни Сандерс нарын популистууд энэ гаригийн өнцөг буланд бүхэнд ажлаа сайн хийж байна. Ээлжит эдийн засгийн хямралын хий үзэгдэл дэлхий дахиныг тойрч, Исламын улсын дайсагнал улам газар авч, Европыг цагаачид царцааны нүүдэл шиг дарж, Оросын “түрэмгийллийн эсрэг” Барууны ертөнц зогсох гэж хичээж, хариуд нь В.Путин шүдээ зуусан энэ цаг дор хамгаас илүү амжилт олох улс төрийн арга нь популизм юм. Энэ үед нефтийн үнэтэй хамт амьдрал нь дордож байгаа ОХУ-ын тэргүүн В.Путин “Популизмын мастер”-аар тодорлоо. Хаа сайгүй популистууд...

Нэгэн жишээ

Популистууд үйл ажиллагаагаа ард түмний хэрэгцээ шаардлагатай нягт уялдуулдаг. УИХ-ын чуулган нэн яаралтай дэгээр хуралдав. Ирц нь ойрд үзэгдээгүй өндөр. Хэлэлцсэн асуудал нь харин “нэн яаралтай” гэхээсээ илүү маш тэнэг байлаа. Сарын өмнө зогсоож буйг нь зарласан ипотекийн зээлийг эргэж олгоод зогсохгүй хүүг нь бараг хоёр дахин буулгах гэнэ. УИХ-ын дарга З.Энхболд асуудлыг дэмжиж байгаа гурав, эсэргүүцэж байгаа гурван хүнд үг хэлэх боломж олголоо. Гэвч үг хэлсэн гишүүдээс эсэргүүцэх хүн гарсангүй. Эсэргүүцэх маяг үзүүлэнгээ дэмжих хандлага давамгайлав. Санал хураахад гишүүдийн 98 хувь нь дэмжлээ. Идэр есийн хүйтэнд эдийн засгийн эргэлт нь царцаж буй орны иргэд чухам үүнийг хүсэж байгаа гэж УИХ-ын гишүүд зөв таажээ. Монгол хүүхдэд сар бүр олгож байсан хорин мянган төгрөгийг дахин өгөх асуудал ч дээрх замаар явлаа. Энэ хоёр шийдвэрийн үрээр ирэх зун гэхэд “наадам биш найр болно” гэдгийг УИХ-ын гишүүдийн ядаж тал нь ойлгож л байгаа. Гэхдээ одоо эрүүл ухаанд итгэхийн оронд илүү сайхныг амлах уралдаан эхлэчихсэн. Энэ уралдаанд хамгийн сайхан амлалт өгсөн нам, хамгийн популист улстөрч ялах нь тодорхой учраас эргээд засахын аргагүй улс оронтой болсон ч хамаагүй амлах нь л чухал байна. Харин одоогийн Засгийн газарт тав байтугай найман хувийн зээлийг санхүүжүүлэх эх үүсвэр байхгүй гэдгийг ард түмэндээ хэн нь ч хэлэлгүй өнгөрлөө.

Нэгэн жишээ
 
Популистууд намгүй ч сонгогчдын санаа бодол, мэдрэхүйд нөлөө үзүүлэх чадвартай. Хүмүүс хэзээд хүчтэй бие хүн, харизматик лидер, удирдагч руу хар аяндаа тэмүүлдэг. Энэ хандлага нь төр засгийн хэвийн ажиллагааг бусниулдаг чадварлаг улстөрчдөд боломж өгнө. 1996-2000 онд бараг дангаараа төр барьж байсан АН-ын нэн чухал шийдвэрүүдийг гацаахад УИХ-д ганц суудалтай намын төлөөлөгч О.Дашбалбар цөөдөөгүй юм. Түүний цаашдын аугаа их амжилтыг олж харсан “Ядуусын ханхүү Галина” гэгч иж бүрэн хувцаслаад зогсохгүй илт фашист суртлаар зогсоо зайгүй цэнэглэж байлаа. Газрын хувьчлалыг амиараа дэнчин тавин байж эсэргүүцсэн О.Дашбалбарын тэмцэл нүүдэлчин монголчуудын дэмжлэгийг шууд олсон нь гарцаагүй. Харин үүний цаана газрын далд наймаа цэцэглэх хөрс шороо үндсэндээ бүрэлджээ. 2000 онд Хөвсгөлөөс бие даан нэр дэвшиж сонгогдсон Л.Гүндалай УИХ-д хэт цөөнх болсон намд элссэн нэртэй боловч хувийн тоглолтоо гарамгай хийсэн юм. МАН-ын дарлалд Монгол Улс орчихлоо гэх АН-ыг баримтлагчдын ухуулаг сурталчилгааг мань эр овжин ашиглаж “эрх чөлөөний төлөө цогтой тэмцэгч”-ийн дүрд гайхалтай тоглосон билээ. Харин хувийн тоглолтдоо хэт эрдсэн Л.Гүндалай “Ард түмний нам”, “Ард түмнээ хайрлая” намуудыг дараа дараагаар нь байгуулсан ч төдийл амжилт олохгүй “чацга царайлаад” явж байна. Популистуудад нам илүү ачаа болох нь олонтаа.     

Нэгэн жишээ

Популистууд шударга ёсыг тогтооно гэдэг амлалтыг ард түмэнд өгдөг. Ж.Батзандан, О.Магнай нарын улс төрийн замнал эндээс эхтэй. 2004 оны УИХ-ын сонгуульд МАН 37, “Эх орон-Ардчилал” эвсэл 35 суудал авснаар хоёр тал “Зөвшилцлийн гэрээ” байгуулж, “Их эвслийн засгийн газар”-т хамтарсан нь шинэ улс төрийн хөдөлгөөнд “шударга ёс”-ыг хайх боломж гаргаж өгчээ. Х.Баатарын авлигын хэргийн золиосонд Ц.Элбэгдоржийн Засгийн газар огцорлоо гэдэг шуугиан үүсч улмаар УИХ-д “Бүдүүн бүлэг” байгуулагдан М.Энхболд Ерөнхий сайд болсон нийгэмд “шударга ёс” үзээд өгье гэсэн ч үгүй болсон гэж ард түмэн үзэж байлаа. Чухам энэ үед ард түмнийг өмгөөлөгчийн орон тоо гарсныг Ж.Батзандан, О.Магнай нар соргогоор анзаарчээ. Ямар нэг тодорхой улс төрийн шийдэлгүй боловч “шударга ёс” нэхсэн жагсаал цуглаанууд нь үеийн үед түүгээр цангадаг ард түмний дэмжлэгийг олж, мань хоёр ч тэмцлээ улам төгөлдөршүүлж байлаа. Төрийн ордон руу улаан лооль, өндөг шидэх, төмөр торх нүдэх, шар зангиагаар жигдрэх зэргээр тэдний улс төрийн тэмцэлд хийсэн инновациуд цоо шинэ мэдрэмж өгсөн юм. Гэвч удалгүй ялд унахаа шахаж АН-ын гишүүн болоод зогсохгүй өөрөө болон ах дүүдээ албан тушаал олж авснаар тэмцэл нь саарчээ. Тэр үеийн нэн шинэ улс төрийн нам хийгээд зүтгэлтэн төрөх боломжийг олон хүн ашиглах гэж оролдсон бөгөөд одоо бүгд нэгэнт “шид”-ийг олжээ.  

Нэгэн жишээ

Популистууд “эгэл борчуудын” нэрийн өмнөөс үг хэлэх эрхтэй бөгөөд “ард түмний хүсэл зоригийг дээд хууль” хэмээн тунхагладаг. 2008 онд УИХ-ын тав дахь сонгуульд МАН 45, АН 28 суудал авсан ч Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр АН-тай хамтарсан засгийн газар байгуулах шийдвэр гаргасан юм. Харин намуудын сонгуульд өгсөн хэт популист амлалт нь өөр шинэ популистууд төрөх таатай орчин бүрдүүлжээ. Иргэн бүртээ 2.5 сая төгрөг бэлнээр нь тараах бүтэшгүй амлалтыг нэхэх аваас ард түмний хайрыг татаж болно гэдгийг олж харсан Д.Батцогт, Г.Уянга нар “Амлалт нэхэх ард түмний холбоо”-г байгуулсан. Уг холбооны зорилго зүгээр сууж байгаад мөнгө авах гэсэн иргэдийн хүсэл сонирхлыг дөгөөхийн сацуу эрх баригчдыг амлалтаар нь нээнтэглэх боломжтойг олж харсан “лааз өшиглөгч” улстөрчдийн эргэн босож ирэх индэр болж байлаа. С.Баярын Засгийн газар Оюу толгойн гэрээг байгуулсан нь хардах боломж олгохын дээр мөнгө нэхэх сайхан шалтаг болж өгсөн. Түмэн олныг төрийн далбаагаар даллаж, өөрсдөө хадгаар гоёсон Д.Батцогт, Г.Уянга хоёр удаах сонгуулиар УИХ-д суудалтай болсноор “ард түмнээ” гэсэн тэмцлийн ир нь мохож, намгүй нь намтай болж, намтай нь намаа солиод дараагийн шидэт үгээ хайж олох гэж толгойгоо гашилган суугаа. Тэд ердөө л энгийн боловч сүржин уриа лоозонд олон түмэн автдагийг ашиглаж тэдний “горьдлого”, “найдлага”-аар тоглосон. Улмаар ард түмэнтэй шууд холбоо тогтоосноо лавшруулан, эгэл ардын нэрээр барьцаа ахиулан хамгийн чухал бөгөөд шийдвэрлэгдээгүй уул уурхайн асуудлыг ноолж байсан тул ийнхүү амжилтыг олжээ.

Нэгэн жишээ

Популистууд чухал асуудлыг олон нийтэд хэт хялбарчлан ойлгуулж, шийдлийг нь энгийн хялбараар тайлбарладаг. О.Магнай, Ж.Батзандан хоёртой зэрэг улс төрийн замд хөл тавьсан С.Ганбаатар өөрийн сэдэвгүй сулдаа ганхаж явсаан. Ямартай ч шударга ёсыг нэхэх нь зөв гэдэг далд зөнгөөрөө нэг хэсэг манаргасан ч хоосон хоцорсон С.Ганбаатар Оюу толгойн гэрээг өөрийн хэмжээндээ “ойлгож”, түүнээс олж харсан алдаа завхралыг олон нийттэй хуваалцсан нь амжилтад хүрэх гол гишгүүр болжээ. Түүнийг урган төлжиж, популизмын хүчирхэг царс болон өндийхөд нь мөнөөх л МАН, АН хоёрын хамтарсан засгийн газар шим тэжээлээ харамгүй хайрласан. Дээрээс нь хувь хүний бүтээлч сэтгэхүй нь бусдаасаа эрс ялгаатай харагдуулж байлаа. Ард түмнээ хайрлагсад эргэн тойронд нь хангалттай харагдсан тул “төрөө дээдлэх” түмний сэтгэхүй дээр дөрөөлөхөөр шийдэж УИХ-ын чуулганд босож үг хэлэх арга бодоод олчихов. Оюу толгойн нэгэнт тогтсон хөрөнгө оруулалтын хувь хэмжээг ард түмний өмнөөс голж чамлан, эрх баригчдыг байнга хардаж сэрдэх нь түүний гол арга барил болжээ. Хэдий Оюу толгойн гэрээний талаар С.Баярцогттой маргаж гартсан боловч нийгмийн дээд давхрага болон засаглалын эсрэг хүмүүсийн гомдол, уур бухимдлыг гарамгай хандуулдаг зангаараа өдгөө хамгийн өндөр чансаатай улстөрчөөр тодроод байна. Аль ч популист өргөн ашигладаг уран илтгэх, жүжиглэх арга барилыг гайхамшигтай эзэмшсэн болох нь Ховдоос шөнийн хоёр цагт хийсэн мэдэгдлээс нь тодорхой харагдсан. С.Ганбаатар ердийн ухамсрын онцлогийг ашиглаж, нийгмийн амьдралын тухай эгэл болхи төсөөлөл дээр дөрөөлж, ямар ч нарийн ойлголтыг шууд хүлээж авдаг массын мөн чанараар илбэчин лүгээ адил наадагч юм. Тэрбээр Фэйсбүүкийн орчинд түг түмэн дэмжигчтэй боловч асуудлыг ул суурьтай ярих хүсэлтэй Твийтэрээр хамраа цухуйлгахаасаа ч эмээдэг. Түүний овог нь нэгэнт “Популист” болчихсон учир илүүг нь ярих хэрэг ч үгүй юм.

Төгсгөлийн оронд  

Иргэд нь нийтээрээ сонгуулийн тэгш эрх эдэлдэг, ардчилсан институцитэй, сонгогчид нь улс төрийн гол шийдвэрийг гаргадаг улс орны засаглалыг популистууд авах боломжтой. Популизм иргэд нь улс төр, эрх зүйн ойлголт муутай буюу ардчилал бэхжээгүй газар үлэмж хүчийг олдог. Тэд шүүн тунгаагч, эргэцүүлэн бодогч эрүүл саруул оюун ухааны эсрэг байр суурьтай болохоор ёс суртахууны тухай ярилтгүй. Популистууд бол ард түмний сэтгэхүй, хүмүүсийн уур хилэн, олон нийтийн гомдол цөхрөлийг эрх мэдэлд хүрэх хэрэгсэлээ болгон хувиргадаг шидтэнгүүд юм. Тэдний бай нь ард түмнээс тасран холдсон төр засгийн удирдлагууд, нийгмийн дээд давхрагынхан болдог. Люмпен бөгөөд тогтворгүй сэтгэцтэй хүмүүс популизмын үндсэн суурийг бүрдүүлдэг нь гачлантай. Ирэх сонгуулиар улам улам олшрох хэвийн бус сэтгэцтэй хүмүүс аль болох цөөн төрд гараасай хэмээн залбирах л үлджээ.



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив