Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Хэний хүн бэ
2016 оны 1 сарын 28 [Уншсан тоо: 64190]

2012 онд татсан манан хөшиглөсөөр. Цаашдаа ч хөшиглөх нь. МАН, АН-ынхан сонгуулийн хуульд оруулсан өөрчлөлтөөрөө жижиг намууд УИХ-д орж ирэх боломжийг боломжоороо боомилчихлоо. МАН, АН хоёроос бусад нь 48 тойргийн аль нэгд ялах бас нам нь улсын хэмжээнд таван хувийн санал авах “шалихгүй” босгыг давчихвал УИХ-д орон тоо дүүргэнэ. МАН’АН-г хараан зүхсэн он жилүүдэд “гурав дахь хүчин” л ард түмний амьдралд гэгээ тусгана гэдэг хүлээлт бий болжээ. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 24 намын 22 нь энэ түүхэн гавьяаг эдлэх эрхтэй. 2005 онд мэндэлсэн Ард Түмний Намын эцэг Л.Гүндалайгийн 2015 онд бүртгүүлсэн Ард Түмнээ Хайрлая Намд ч онолын хувьд ийм боломж бий. Гэхдээ хуулийн дээрх өөрчлөлтөөр хоёр намтай Л.Гүндалай бүү хэл одоо УИХ-д хоёр суудалтай ИЗНН-ын ирээдүй ч бүрхэг харагдаж байна. Харин МАН, АН-ынхан хаалгаа хаасан ч цонх нь онгорхой үлджээ. Зарим тойрог 2-3 мандаттай учир таван хувийн босго давсан намын гишүүнд горьдлого байгаа. Гэвч онгорхой цонхоор ялаа батгана шавдаг юм хойно үеийн үед УИХ-ыг үймүүлэхээс өөр үүрэггүй явж ирсэн бие даагчид л орж ирэх магадлал өндөр.

УИХ доторх боломж

Нэгэн цагт заяагдмал “гурав дахь хүчин” гэгдэж асан ИЗНН-ын С.Дэмбэрэл АН-тай эвсэх хүсэлдээ хэдийн эзэмдүүлчихсэн явна. Өнгөрсөн дөрвөн жилд хоцорч л байсан болохоос биш чуулгандаа 100 хувийн ирцтэй оролцож ирсэн ИЗНН-д эх орноо “хөгжүүлэхэд” гар бие оролцох өөр өөдтэй хувилбар алга. Харин Г.Уянга, О.Баасанхүү хоёроос бусад гишүүдээ сайд болгосон, МАН’АН-г сарниулах хүсэл тачаалаар нэгдсэн Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын “Шударга ёс” эвсэл “гурав дахь хүчин” бус “хоёр дахь сонголт” юм гэдгийг нь бид харсан. Наранд алхах эрхээ олоод авсан Н.Энхбаярт сайдын суудал эзлэхээс өөр тусаар бага МҮАН цаашдаа хэрэггүй. Тэртээ тэргүй АН-ын засгийн газрыг унагах урхины үзүүрийг атгачихсан суугаа Н.Энхбаярыг талдаа татах хүсэл хоёр том намын аль алинд нь бий. Н.Энхбаяр ирэх сонгуулиар эрх баригч эвсэлд багтах улмаар тав дахь ерөнхийлөгч, ядаад УИХ-ын даргын сэнтийд залрах хүсэлтэй тул түүнд “гурав дахь хүчин”-ий тавилан жул санагдана. Сүүлийн дөрвөн жил С.Ганбаатартай тулгын гурван чулуу шиг туждаа хамт явсан бие даагч Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун хоёрт “гурав дахь хүчин”-ий заяа томдоно. Гэхдээ С.Ганбатаарын элссэн намаас тойрогтоо хүч үзвэл найдвар басчиг бий.   

Хүний ХҮН

УИХ-д босоо байсан С.Ганбаатарыг даргаараа сонгосон ХҮН хүмүүсийн анхааралд орлоо. ХҮН-д элсээд 14 хоногийн дараа тамгыг нь атгасан С.Ганбаатар сонгуулиар 20-30 суудал аваад зогсохгүй, өөрийгөө 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгч болно гэж итгэл төгс мэдэгдсэн. Шинэ улс төрийн хүчин хүлээж буй энэ сонгуулиар вундеркинд цугласан ХҮН-д “гурав дахь хүчин” болчих горьдлого их боловч сошиал орчноос өөр “тойрог”-т танигдаагүй гишүүд нь найдлага багатай. Харин намын гарвалыг нь хөөвөл хэнтэй эвсэх боломжтойг нь харж болмоор. Ерөөс ХҮН-ын ард хэн байгааг таамагласан хувилбарууд байгаа бөгөөд “эзэн холбогдогч”-ийг тогтоох аваас ирэх сонгуульд хийх алхмыг нь “тааж” бас болно. ХҮН 2011 оны 12 дугаар сарын 05-нд буюу МАХН “дахин төрдөг” жил Улсын дээд шүүхэд бүртгүүлжээ. Өнгөрсөн сонгуулиар нэрээ гаргаагүй уг намын анхны дарга нь Сүхбаатарын Зоригтбаатар. С.Зоригтбаатар нь С.Ганбаатарын улс төрийн зөвлөх. Харин С.Ганбаатар нэг ээлжиндээ Н.Энхбаярын Эдийн засгийн зөвлөх нь явсан. Ноднин ХҮН-ын нэгэн хурал дээр сахилга алдсан шалтгаанаар С.Зоригтбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж 5 дугаар сарын 29-нд С.Боргилыг оронд нь томилсон ч С.Ганбаатар сая таван жил хүлээсэн тамгаа авчээ. С.Ганбаатарын сүржин мэдэгдлээс доктор, профессор гишүүддээ найдсан гэхээсээ илүү ирээдүйн эвсэлдээ итгэсэн өнгө аясыг харж болохоор байна. Н.Энхбаяр сүүлд өгсөн ярилцлагадаа олонх болоход бэлэн гэдгээ хэлж. Өдгөө МАН-аар гуйлгаж, АН-ыг айлгаж буй Н.Энхбаяр өөр шиг нь Монгол Улсын Ерөнхийлөгч болох хүсэлтэй С.Ганбаатартай сандал ширээгээ тохирч чадвал лус баясгаж мэднэ. Ямартай ч ХҮН-д “гурав дахь хүчин”-ээр тодрох боломж бий. Гэхдээ хэний ХҮН болох вэ гэдэгт л хамаг асуудал байна даа.    



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn