Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Архины түүх
2016 оны 2 сарын 2 [Уншсан тоо: 88984]

2016 он өндөр жил. 366 хоногтой. 40 жилийн өмнө мөн л өндөр жил тохиожээ. Тэр жил Монреалийн олимпоос З.Ойдов чөлөөт бөхөөр мөнгөн медаль хүртсэн. Харин Ж.Мөнхбат, Х.Баянмөнх хоёрыг олимпоос хоосон ирэхэд Д.Хадбаатар наадамд түрүүлчихсэн Улсын арслан цолтой угтжээ. Мөн Г.Жигжидсүрэн, Ж.Бунтар нарын “Эх бүрдийн домог” уран сайхны кино Карловы-Варын олон улсын наадмаас “Шилдэг кино”, Югославын Белград хотод болсон кино фестивалиас “Хүндэт өргөмжлөл” хүртсэн юм. Монголчуудын хилийн чанадаас авсан шагнал үүгээр дуусаагүй.

Гурван цэнхэр

Болгарын Пловдив хотод болдог олон улсын үзэсгэлэн яармагаас 1976 онд БНМАУ-ын Архи, пивоны комбинатын Arkhi бүтээгдэхүүн Алтан медаль хүртжээ. Европын эртний хот Пловдивт XIX зуунаас эхлэн зохиогдсон яармагийн дээд шагнал монголчууд хүнсний бүтээгдэхүүнээ экспортлох эрхийн бичиг болсон юм. Хожим ард түмнээс “Экс” хэмээх алдрыг олсон бүтээгдэхүүн нэг өдрийн дотор, ганц хүний гараар бүтээгүй. Гэхдээ тухайн үеийн Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн сайд П.Дамдингаас салгаж ойлгох аргагүй. 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ой угтсан шинэ санаачилга, бүтээлч аян орон даяар өрнөж байлаа. БНАГУ руу томилолтоор явсан Д.Дамдин УГЗ М.Бүтэмж, зураач Цэдэн-Иш нарын гаргасан цэнхэр өнгөтэй шошгоны загварыг авч явжээ. Ардчилсан Германы тал Ардын хувьсгалын 50 жилийн ойд бэлэг болгон сая тонн архины шошго хаяг хэвлэж өгсөн аж. Тэр зун цагдан сэргийлэгчийн мөр дэсийг өөрчилсөн юмсанж. Бас “Наадам” нэртэй тамхи хийлгэсэн юм байж. Ингээд наадмаар монголчууд “Цагаан архины бөөр цэнхэр, цагдан сэргийлэгчийн мөр цэнхэр, “Наадам” тамхины нүүр цэнхэр” хэмээн хэлэлцэж өнгөрчээ.

Дахиад нэг алхам

Тавин жилийн ойн бэлтгэл шалгаж үйлдвэрүүдээр явсан МАХН-ын Төв хорооны гишүүн Т.Рагчаа, Худалдааны яамны сайд З.Ганжууржав хоёр Архин завод дээр хамгийн сүүлд ирцгээв. Халууцаж, цангасан дарга нарт хүйтэн ундааны араас шинэ шошготой хатуу идээнээсээ ч амсуулж. Т.Рагчаа даргад шинэ шошго таалагдсан бололтой “Бүх архиныхаа хаягийг сольчих уу” гэхэд З.Ганжууржав сайд “Халаад ирэхэд хаягтай хаяггүй ямар ялгаа байна” гэж. Яриа ч тэгсхийгээд мартагдав. Харин тэр цагт бусад улс орнууд эргэн бөглөө ашиглаад эхлэчихсэн байлаа. Үүнийг хэдийн анзаарсан П.Дамдин сайд Ленинградаас эргэн бөглөө тагладаг ВОГ маркийн машин олж ирсэн байна. Улсын дайтай улс болчих гэсэн л хэрэг биз дээ. Харин мөнөөх эргэн бөглөөг нь хүн төрөлхтөнд үлгэр дуурайл болох учиртай социалист орнууд хараахан хийж чаддаггүй байсан бололтой юм. Ингээд Их Британиас бөглөө авахаар тохиров. Хөрөнгөтөн оронтой наймаа хийх, тэр дундаа архины бөглөө авах амар ажил биш. Улс төрийн товчоо, Сайд нарын зөвлөлийн хүнд суртлыг давсны эцэст хэдэн валют цохуулсан байж таарна.

Унт гэсэн үг

Нэгэнт эргэн бөглөөтэй болж байгаа хойно дээр нь зураг хэвлүүлэх санал гарав. Ингээд Хөнгөн, хүнсний үйлдвэрийнхэн ярьж ярьж “хаанаас нь ч харсан Монгол байх”-аар бодож гэр бас уурга барьсан морьтой хүн дээр тогтжээ. Хүнсний үйлдвэрийн хэлтэсийн инженер Г.Өсөхбаяр эх зургийг Гадаад хэргийн яаманд аваачиж өгөхдөө нэг хувийг нь хадгалж үлдсэн юм байж. Гэнэт нэг өдөр П.Дамдин түүнийг дуудлаа. “Зургаа явуулсан уу, ямар зураг явуулав” гэж асуухыг нь мэдэж байсан Г.Өсөхбаяр эх хувиа сайдад өгөв. П.Дамдин зургийнхаа эхийг авч үлдсэнд нь ихэд сайшааж “Хөрөнгөтөн орох руу явуулж байгаа зүйлийн эхийг авч үлдэх хэрэгтэй. Цаадуул чинь морин дээр нь Гитлерийг мордуулчихаж мэднэ” гэжээ. Тэгснээ “Морьтой хүн яагаад нар жаргах зүгт явж байна” хэмээн палхийтэл асуув. Тэгмэгц Г.Өсөхбаяр Хэвлэл, утга зохиолыг хянах газрынхан “Яг сүлдтэй адилхан болгоод яах вэ” гэсэн юм хэмээн алдаагаа булзааруулсан байна. П.Дамдин “Архиа уугаад унт гэж байгаа юм байх даа” гэж “утгыг зөв тайлсан”-аар асуудал шувтарсан аж. Удалгүй унтаж амрахаар гэрийн зүг морьтойгоо довтолгон яваа монгол эрийн дүрстэй гурван сая ширхэг бөглөө Их Британиас иржээ.

Шинэ технологи 

1972 онд ашиглалтад орох байсан Архи, пивоны комбинатын (АПУ) ажлыг Зөвлөлтийн тал жаал хоцроожээ. Тэр жил Москвагийн Хүнсний технологийн дээд сургууль төгсөж ирсэн Р.Ганжав нарын будаг нь ханхалсан инженерүүд Зөвлөлтийн мэргэжилтнүүдтэй хамт 1973 оны хавар туршилт тохируулгаа хийсэн байна. Шинэ үйлдвэртэй болсон мэргэжилтнүүд ганц сайн бүтээгдэхүүнтэй болох нь зөв гэдэг дээр нэгдэв. Ингээд Зүүнхараагийн Спирт, бал бурмын үйлдвэрийн дарга, Хөдөлмөрийн баатар О.Дорлигсүрэнг ятгах ажилд орлоо. Дээд зэрэглэлийн спирт нэрэхэд гарз нь их ч гарц нь бага болохоор О.Дорлигсүрэн хөдлөх шинжгүй. Тэгэхээр нь дээд зэрэглэлийн спиртийн бөөний үнийг өсгөж авахаар сайдаар яриулж байж зөвшөөрүүлэв. Гэвч дахиад асуудал бослоо. Тариаланчдын хавар, зунжин ургуулсан тариагаар архи хийлгэхгүй гэдэг популист гарч ирэв. Ингээд яамны Хүнсний хэлтэсийн инженер Г.Өсөхбаяр нар Төлөвлөгөөний комиссын дарга Д.Содномд учрыг нь тайлбарлалаа. Жилд 4 000 тонн буудайгаар спирт нэрнэ, шаараар нь зудтай жил үхэр мал тэжээнэ, тэгээд ч сая гаруйхан хүн амтай улс ядаж архиа чанартай болгоё гэж учирласны эцэст зөвшөөрөл авчээ. Одоо шинэ бүтээгдэхүүнээ гаргах л үлдэв. Ингээд Архи, пивоны комбинатын Дарсны цех дотор дахин нэг цех босгож мастераар нь Л.Сүжигтийг томилсон аж. Харин тэр үед АПК-д ажиллаж байсан Зөвлөлтийн мэргэжилтэн Ашод хадан цагааныг шүүлтэд нэмснээр чанар нь улам сайжирсан хэрэг.    

Ах, родная хорошо идет

Герман шошго, орос лонх, англи бөглөөтэй, дээд зэрэглэлийн спиртээр найруулсан, олон улсын стандартад нийцсэн Arkhi брэнд 1976 онд Болгарын Пловдивийн яармагаас алтан медаль хүртэв. Тэр жилээ анх удаа Болгарт экспортоор гарчээ. Удалгүй Москвад байсан Худалдааны төлөөлөгчийн газрын гуанз, ресторан, буфетэд ч борлуулдаг болов. Хойтон нь Югославын Загребийн яармагаас алтан медаль, Лейпцигаас бас алтан медаль авлаа. Ийн өчигдрийн нүүдэлчин техник, технологи эзэмшсэнээ батлан харуулав. Жилдээ 100 мянган литрийг экспортолж байсны 20 мянгыг Ардчилсан Герман руу гаргадаг байсан аж. Гадагшаа явж байгаа хүн бүрийн ганзаганд заавал багтдаг энэ архи дотооддоо олдоц ховортой эдийн нэг. Ялангуяа 350 граммын савлагаатай, дашмаг шиг лонхтой нь нандин бэлэг байлаа. Харин оросууд энэ бүтээгдэхүүний нэрийг “Ах, родная хорошо идет” хэмээн өөрсдийнхөөрөө тайлж уншсан гэдэг. Монголын анхны экспортын хүнсний бүтээгдэхүүн бүтээх он дамжсан нөр их ажлыг нэр төртэй үүрч гарсан ахмадууд амьд сэрүүн байгаа дээр үүх түүхийг нь бичиж үлдээхэд ийм аж.    


Шошгыг Хөнгөн хүнсний яамны орлогч сайд асан, Техникийн ухааны ухааны доктор, профессор Лодойн Лхагвагийн хувийн архиваас авлаа.


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn