Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Япончууд дайныг хүсээ гэж үү
2016 оны 2 сарын 8 [Уншсан тоо: 89635]

Ц.Элбэгдорж есдүгээр сарын 1-нд зурагтаар хичээл заахаас хавьгүй өмнө, түүний нөхдийн “халсан” социализмын үед хичээлийн шинэ жил “Энхтайваны хичээл”-ээр эхлэдэг байлаа. Хоёрдугаар ангийн “Энхтайвны хичээл”-ийг сайн санадаг юм. Шилжиж очсон намайг арын ширээнд нэг хөвүүнтэй суулгав. Эрдэнэбат шиг санагдана, их догь, яриа хөөрөөтэй хүү. Багш цөмийн бөмбөг ярьж эхлэхэд би юу ч ойлгосонгүй. Харин Эрдэнэбат “Энэ бөмбөг яг одоо дэлбэрвэл манай ангийн 32 хүүхэд 32 ийм үнс болно” гээд алгаа хомбойлгон нийлүүлж харуулав. Ангийнхнаа тойруулж хараад сандал болгон дээр бөөрөнхий хар үнс байгаагаар төсөөлөхөд инээдтэй санагдаж билээ. Тэгээд “Багш ямархуу үнс болох бол?” гэхэд нүд нь гялалзаж “Арай том, иймэрхүү” гээд хоёр алгаараа дунд зэргийн бөмбөлөг дүрслэв. Залуухан, царайлаг багшийгаа үнс болгон төсөөлөхөд харамсалтай санагдсан ч гэлээ цөмийн бөмбөгийн аюулыг там тум ойлгож авсан минь энэ. 

Дуунд гардаг хот

Энэ хотын нэрийг сонсоод нэг дуу санаанд орсон. Хөл тавьсан хойно аяндаа аманд орж ирлээ. Хирошима хотын Энхтайвны дурсгалын цэцэрлэгт байрлах Сасаки Садако охинд зориулсан хөшөөний арын шилэн хоргуудад өнгө өнгийн цаасан шувуу дүүрэн. Хэн, хаанаас, хэдэн ширхгийг авчирснаа тэмдэглэх цаас, үзэг нь ч зэхээтэй. 1945 оны 8 дугаар сарын 6-нд хотын хөл ихтэй дүүрэгт, газрын гадаргаас 600 метрийн дээр тэсэрсэн Little Boy америкчуудын өхөөрдсөн шиг “шалихгүй бацаан” биш байж. Хотын 245 мянга орчим хүний тал нь жилийн дотор хорвоогоос хальсан гэнэ. Тэр цагт хоёр настай байсан Садако 10 жилийн дараа цусны хавдраар нас баржээ. Цацраг туяа хүний генийг хэрчээд өнгөрсөн тул эргэж залгагдахаа элдэв төрлийн олон өвчний шалтгаан болсны нэг жишээ нь Сасаки Садако юм. 

Тэр дороо амиа алдсан хүмүүс халуун тамын наждыг яс махаараа мэдэрсэн байна. Газрын гадарга дээр цельсийн 3 000-4 000 градус хүрсэн халуунд давхарлаж хураасан цонхны 37 шил эгшин зуур хайлж хоорондоо наалдаад нэгэн цул болчихож. Чулуун шатан дээр тодхон үлдсэн тос даасан мөр тэнд хүн сууж байсныг гэрчилнэ. Хирошимад шинэ төрлийн бөмбөг хаясныг сонссон хүү гурав хоногийн дараа Нагасаки хотын тэнгэрт мөөгөн үүл харжээ. Энэ дэлбэрэлтэд гэр бүлээ алдсан Жожи Фүкахори гуайн нүдээрээ харсныг сонсож суухад бие арзайж, жихүүдэс төрнө. Хиншүү хярвас ханхалсан Нагасаки хотын гудмаар гэрийнхнээ хайж яваад боодог шиг болчихсон эхийгээ харсан мөчөө бидэнтэй хуваалцахдаа ийм аймшиг давтагдах ёсгүй гэж ахин дахин сануулна. Ази, Номхон далайг гамшигт автуулсан милитарист Японы галзуурлын жилүүдэд өдөр бүр турьхан биедээ ахадсан цэргийн бэлтгэл хийж, зэвсгийн үйлдвэрт цаг наргүй ажилласан хүүхэд насаа дурсахдаа Жожи Фүкахори дайн япончуудад ч, бусдад ч сайн сайхан юм огт авчраагүй гэж харуусан хэллээ.

Хирошимагийн Энхтайвны дурсгалын цэцэрлэгт хүрээлэн хөл ихтэй. Сая хоёр зуун мянган хүн амтай энэ хотод жилдээ сая орчим жуулчин ирдэг. Бөмбөгдөлтөд үнс нурам болсон хотоо сэргээхийн тулд хирошимагийнхан хотоо “Энхтайвны хот” болгох хуулийн төсөл санаачилсан нь 1949 оны наймдугаар сард батлагджээ. Тэр цагаас хүн төрөлхтөнд дайны гамшгийг сануулах цогцолбор хот босгох ажил шуударч амжилттай хэрэгжсэн гэж Хирошима хотын төлөвлөлтийн хэлтсийн ажилтан Кота Хашимото ярилаа. Хирошимад Mazda motors корпораци бий. Бөмбөгдөлтөөс хойш хотын иргэдээ ажилтай, орлоготой авч гарсан энэ үйлдвэрийн үндсийг Жүриро Мацуда тавьжээ. Харин дэлхий дахинд таниулсан нэрээ сонгохдоо үндэслэн байгуулагчийн нэртэй адил дуудагдах зоросатрийн шашны дээд бурхан Ахура Маздагийн “Mazda”-г сонгосон гэнэ. “Ахура Мазда” монгол хэлэнд “хурмаст” болон орсныг сонссон япончууд ихэд сониучирхав. Хирошимагаас монголчуудын “мэддэг” зүйл нэгийг нэмж олсондоо бид ч баяртай явлаа.

Хирошима болоод цөмийн зэвсгийн гамшгийг бидэнд таниулсан “Цаасан шувуу” дуу 1978 онд зохиогдсон улс төрийн дууны уралдаанд түрүүлсэн юм. Дууны шүлгийг Я.Энхээ бичиж, МУГЖ Д.Дашням аяыг нь зохиожээ. Харин өдгөө Монгол Улсад суугаа Элчин сайд Такэнори Шимизүтэй уг бүтээл холбогдож мэдэх сэжим олов. Тэрээр 1970-аад онд МУИС-д сурч байхдаа Тэрэлжид хэдэн монгол залууд Сасаки Садако охины түүхийг ярьсан аж. Түүний яриаг нэг нь шимтэн сонсож, олон зүйл тодруулсан нь Я.Энхээ байх магадлалтай. Хожим Я.Энхээ Элчин сайд Такэнори Шимизүтэй уулзах хүсэлт тавьсан ч амжилгүй нас эцэслэжээ. Бат нотлогдоогүй ч “Цаасан шувуу”-ны санааг япон оюутан өгч, монгол залуус бүтээл болгосон гэвэл Хирошима бидэнд илүү ойр санагдах нь дамжиггүй. Хүйтэн дайны жилүүдэд Ази тивдээ Барууны ертөнцийг төлөөлж асан Японтой социалист Монголыг ойртуулсан сэжим нь энх тайвныг эрхэмлэх үзэл санаа байсан билээ.

Бидний мэддэггүй улс 

Япон улс хийгээд эзэн хааны төлөө амиа өргөсөн дайчдын сүнсийг тахидаг Ясукуни сүмд таарсан 92 настай Масами Кажюү гуай Дэлхийн II дайны үеэр Наймдугаар бригадад алба хаажээ. Наймдугаар бригад нь Өвөр Монголд байрлаж байсан бололтой юм. Мөр зэрэгцэн тулалдаж явсан нөхдөө дурсан Ясукунид байнга ирдэг хөгшин “Эзэн хаан энэ сүмд ирэхэд болохгүй юмгүй дээ” гэх нь гомдолтой сонстоно. Гэвч Японы түрэмгийлэлд өртсөн улсууд, тэр дундаа олон сая хүнээ хядуулсан БНХАУ, БНСУ хоёр Японы эрх мэдэлтнүүд Ясукунид очих тоолонд хэл ам дэгдээдэг. Тэдний хувьд энэ сүмд сүнсийг нь тахисан дайчид бол таллага үйлдсэн цэргийн гэмт хэрэгтнүүд. Харин дэлхийн дайны дараа холбоотнууд Японыг эзлэж аваад “хүмүүжлийн замд нь оруулсан” түүхтэй. Ингэхдээ “зэвсэгт хүчингүй” Үндсэн хууль баталж өгснийг одоо ч мөрддөг. 1952 онд Сан Франциско хотноо Японы тал эзлэн түрэмгийлсэн улсуудтайгаа Энхийн хэлэлцээрт гарын үсэг зурах хүртэл энэ орныг Америкийн фельдмаршал Дуглас Макартур удирджээ. Түүний мэргэн удирдлага, шинэ үндсэн хууль өнөөгийн Япон орныг өндий зэрэгт хүргэсэн гэх нь бий. Харин Элчин сайд Такэнори Шимизү гуай “Мейжигийн хувьсгалаар олсон амжилт сайн суурь болсон” гэж байна. Японд суугаа Элчин сайд С.Хүрэлбаатар үүн дээр “Бусдыг түрэмгийлсэн гэмшил, дайнд ялагдсан сургамжаа хөгжил дэвшилд хүрэх зүтгэл болгон хөдөлмөрлөсөн” гэдгийг нь нэмлээ.
    
Халх голд бие биеийнхээ өмнөөс зэвсэг хөдөлгөсөн Монгол, Япон хоёр дипломат харилцаа тогтоох хүсэлтэй ч 1952 онд Японтой Энхийн гэрээ зураагүй Зөвлөлт Холбоот Улс монголчуудын гадаад бодлогыг барьж байлаа. Багагүй драм туулж 1972 онд Монгол, Япон хоёр дипломат харилцаа тогтоосны дараа эн тэргүүнд яригдсан асуудал нь дайны төлбөр. Гэвч энэ асуудал өөрөө бас асуудалтай. 1939 оны Халх голын үйл явдлыг Японы тал хилийн мөргөлдөөн гэж үздэг тул дайны төлбөрийн тухай ярихгүй гэсэн байна. Гэхдээ манайд эдийн засгийн тусламж үзүүлэхээс татгалзсангүй, харин “санаа сэтгэлийн үүрэг” гэдгээр томьёолжээ. Манай зүгээс Цагаан суваргын зэс молибден, Тавантолгойн коксжих нүүрсний ордоо хамтран ашиглах санал тавьсан ч Монгол “хөрөнгөтөн Японтой” халаасаа нэгтгэхийг Зөвлөлт яахин зөвшөөрөх билээ. Ингээд 1978 онд Япон манайд таван тэрбум иений тусламж үзүүлэхээр болсон нь өнөөгийн “Говь” ХК юм. Ийн Монгол Японоос “дайны төлбөр” авсан 12 дахь улс болжээ. Манайд өгсөн тусламжийн цаана либериал, ардчилсан тогтолцооны давуу талыг бидэнд нотлон харуулах зорилго байсныг ч үгүйсгэж болохгүй. 
    
Дайны дараа Япон улс энхтайванч гадаад бодлого явуулахаа зарласан. Гэхдээ уучлалт гуйгаад орхичихсонгүй эдийн засгийн хамтын ажиллагааны журмаар Азийн ихэнх оронтой дайны төлбөрийн асуудлаа шийджээ. Үүнд 1954 оноос үйл ажиллагаа явуулсан ЖАЙКА чухал үүрэг гүйцэтгэсэн. Японы тусламж “Мэйжигийн хувьсгалын ололт дэвшил, дайны дараа хөл дээрээ босож ирсэн туршлагатаа тулгуурласан” гэж тус байгууллагын Дэд ерөнхийлөгч Каэ Янагисава ярив. Харин 1990 оны 10 дугаар сард ЖАЙКА-ийн анхны мэргэжилтэн Монголд томилогджээ. ЖАЙКА гэлтгүй манайд үзүүлсэн Японы тусламж нь оновчтой, тэр хэрээрээ үр дүнтэй байсан. Ухаан нь, “Зөвлөлтөөс авдаг татаас тасарч, Монголын Засгийн газар тэвдэж явахад Япон “Монголд хандивлагчдын чуулга уулзалт”-ыг санаачлан модоо барих зовлонгоос гэтэлгэсэн” гэдгийг Баабар хэлэв. Хуучин шигээ лааны гэрэлд бөртөлзөж суухад, тахь шиг ховордсон автобусны араас элдэж гүйхэд, гурил будаа тасарч махны жийрэггүй болоход, эрдэмд шамдсан багачууд сурагчийн ширээнд багтахаа болиход, морио машинаар сольсон нүүдэлчид замын бөглөөнд бухимдаж суухад... Японы зээл, тусламж л аминд орсон.  

Идэвхтэй энхтайванч бодлого
           
Ясукуни сүмд очихоос бэргэж ирсэн Японы өндөр дээд албан тушаалтнуудын уламжлалыг Шинзо Абэ 2013 оны 12 дугаар сарын 26-нд эвдлээ. Хятад, Өмнөд Солонгос, Орос, эртний түнш АНУ нь хүртэл хэл ам хийсэн. Хариуд нь Шинзо Абэ “идэвхтэй энхтайванч бодлого”-оо гаргаж тавьжээ. Үүнийг Энх тайван, аюулгүй байдлын судалгааны институтын захирал Масаши Нишихара “Мөргөлдөөн болоход дунд нь орж байлдахаас өөр. Асуудал шийдэхэд идэвхтэй оролцоно гэсэн санаа” гээд “Энх тайван, аюулгүй байдлын шинэ хууль гарснаар өөрийгөө хамгаалах хүчний үйл ажиллагаа өргөжих боломжтой болсон. Гэхдээ Шинзо Абэ шууд бус аргаар энх тайван, аюулгүй байдлыг хангахаар хичээж байна” гэж тайлбарлав. Энгийндээ бол бүс нутгийн эмзэг, хурцадмал, тулгамдсан асуудал түүнчлэн аюулгүй байдалд дэлхий дахинд гүйцэтгэж буй үүрэг роль нь өсөж буй орны хувьд Япон идэвхтэй оролцох юм. Өөрийгөө хамгаалах хүчинтэй ч дайнаас хойш асуудлыг хүчээр шийдэхгүй болохоо нотолж, энхтайванч бодлого тууштай барьж ирсэн Японд дэлхийн олон улс гүрэн итгэдэг. Энэ нь нэг талаасаа Японы геополитикийн үнэт өв болжээ. Ясукунид хөөрөлдсөн ахмад дайчин Масами Кажюү “Дэмий дайн дэгдээсэн” гэснээ залгуулан “Тэр үед цэргийн зарлан авсан бол татгалзах ямар ч аргагүй. Эзэн хааны тушаал шүү дээ” хэмээн шүүрс алдав. Харин бидэнд газарчилсан, хэлмэрч Рио Оцука “Японы одоогийн залуус дайныг хэзээ ч хүсэхгүй. Цэрэгт татъя гэсэн ч явахгүй” гэдэгт онцын итгэлтэй байлаа.     


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn