Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Ус модоо дагадаг
2016 оны 3 сарын 21 [Уншсан тоо: 45066]

Хандгайт, Хандгайтын богинын байгаль хамгаалагч Д.Ганбаатар “Малтай айлуудтай хэл амаа олно гэж ёстой байхгүй” гэсээр хар цай аягалж өгөв. Тэгээд “Эрээн хувцастайгаа явж байгаад сүү, тараг асуувал өгөхгүй маягтай шүү” гээд инээлээ. Нийслэлийн ногоон бүсэд малтай айл байх ёсгүй ч Шадивлан, Шарга морьт, Яргайт, Хандгайт зэрэгт 90-ээд өрх мал адгуулж байгаа аж. Харин “Улиастайн Бурхант хошуунд 2008 онд айл байгааагүй. Одоо 15 болчихсон. Нэг нь ч газрын зөвшөөрөлгүй. Шаардлага тавихаар би монгол хүн гэдэг” хэмээн Нийслэлийн ногоон хөгжил, байгаль орчны газрын Ойн мэргэжилтэн Ж.Амармаа ярилаа. Улаанбаатарын 1.3 сая хүнийг ундалдаг Туулын амьсгаа тасалдаж байна. Үүний шалтгааныг олж мэдэх тусам “Явж явж хүн л хамгийн хор хөнөөлтэй амьтан” гэж хэлсэн Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын дарга Б.Хашмаргадын үг орой руу орж байлаа.
 
ДАРГА, ДАРГА БАС ДАХИН ДАРГА

2012 онд шинэчлэн найруулсан Ойн тухай хуулиар ойн санд өрхийн хэрэгцээний газар эзэмшүүлэхийг хоригложээ. Гэтэл чухам энэ үеэс л нийслэлийн хамгаалалттай ойн бүсэд газар олгох явдал гаарсан байна. 2013 онд хийсэн судалгаагаар Ойн тухай хуулийг  зөрчин 4 052 нэгж талбарт газар олгосныг тогтоожээ. Нийслэлийн Ойн мэргэжилтэн Ж.Амармаа тухай бүрд нь дүүргүүдийн засаг дарга нарт албан шаардлага хүргүүлдэг ч авч хэлэлцсэн тохиолдол ховор. 2014 онд нэг удаа хариу өгчээ. Уг бичигт “Буруу шийдвэр гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцов” гэснээс хууль зөрчсөн үйлдлийг засаж залруулсан тухай дурьдаагүй аж. Хэдхэн жилийн өмнө эзгүй байсан Хандгайтын аманд одоо өвөлждөг 128, зусдаг 570 айл байгаа гэнэ. Энэ айлууд байшин саваа барьчихаад дараа нь газрын зөвшөөрөл авдаг шалгарсан аргыг хэрэглэжээ. Улаанбаатар хотын усны эх үүсвэр Туул голыг тэжээдэг Сэлбэ, Гачуурт, Улиастай голуудын эх, Туулын эхэнд байгаа ойг хамгаалахын тулд хотын ногоон бүсийг тогтоосон боловч хэрэгжсэн юм огт алга. 2009 оныг хүртэл ойн сан бүхий газарт газар олгохдоо Нийслэлийн Ногоон хөгжил, байгаль орчны газраар дүгнэлт гаргуулдаг байсныг болиулжээ. Бүх эрх мэдэл дүүрэгт очсноос хойш байдал бүр дордсон гэдгийг уулзсан хүн бүхэн дуу нэгтэй батлаж байлаа. Хууль дүрэм зөрчиж тусгай хамгаалалтын бүсэд байшин барьсан хүмүүс нь эрх мэдэлтэй дарга даамлууд гэнэ.

ӨНӨӨДРИЙН УУШГИАС МАРГААШИЙН УС

Зуслангийн бүсэд шинээр суурьшсан айлуудын газар ихэнхдээ торлог бургас бүхий талбай. Тохилог амьдрахын тулд хүмүүс аль чадлаараа орчноо өөрчилж байна. Үүнд нь торлог бургас хамгийн ихээр өртдөг. Сэлбийг тэжээдэг мөнх цэвдгийг нарнаас хамгаалдаг энэ бутлаг ургамлыг хядсаны улмаас цэвдэг мөнх бусыг үзэх болжээ. Цэвдгийн талбай багасах тусам Сэлбийн урсгал татарна. 2006-2010 оны хооронд торлог 12.5 хувиар багассан гэдэг дүгнэлт 2015 онд гарчээ. Харин Байгаль хамгаалагч Д.Ганбаатар “Яваад үзэхээр 38.5 хувь нь алга болчихсон” гэв. Нэг га газрын торлогийг хядвал 14 248 000 төгрөгөөр торгодог аж. Хүмүүс торгуулиа төлчихөөд хэсэг газрын чийгийг үгүй хийчихдэг. Дүнд нь гол горхи ширгээд алга болно. 2014 онд хийсэн гадаргын усны тооллогоор нийслэлийн 22 гол горхи, 21 булаг шанд, хоёр нуур тойром, 10 рашаан ширгэснийг тогтоожээ. Энэ тоо дэлхийн дулааралтай холбоотой боловч хүний хүчин зүйлийн дэргэд өчүүхэн гэмээр шалтгаан ажээ.

Булаг шанд ширгэж байгаа бас нэг шалтгааныг гүний худаг гэж Д.Ганбаатар ярилаа. Зуслангийн бүсийн айл болгон шахам гүний худагтай. Зөвхөн Хандгайтын аманд 156 гүний худаг байна. Захаасаа зарим нь шавхагдаад ч эхлэж. Гүний усны нөөцийг зоргоороо зарцуулах хэрээр нийслэлийн голууд улам дундарсаар бүгд сайр болох нь ээ. Маргаашийн өөхөөс өнөөдрийн уушгийг илүүд үздэг монгол ёс Улаанбаатарын ирээдүйг үгүй хийсээр. Энэ янзаараа 20-30 жилийн дараа нийслэлээ нүүлгэхдээ тулна гэж Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын дарга Б.Хашмаргад ярилаа. Зөвхөн өнөөдрийн хэрэгцээг хангах зорилгоор Туулын савыг дагуулан ухсан гүний худгууд захаасаа нөөцгүй болж байна. Туул эх дээрээ өргөн урсацтай байдаг ч Налайхын цаахан талаас нарийсаад Улаанбаатарт орж ирэхдээ гол нь тасардгийн учир ердөө л савыг нь дагуулж гаргасан гүний худгууд ажээ.

БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН ПАРАДОКС

Энэ бүхэн хот төлөвлөлт, нийслэлийн ногоон бүсийн менежмэнт хоёр авцалдахгүй байгаагаас үүдэлтэй гэж БОНХАЖЯ-ны Ой зохион байгуулалтын албаны дарга Б.Отгонсүрэн онцоллоо. Хууль, дүрэм журмууд ч хоорондоо огт уялдаагүй нь илт харагдана. Ухаан нь, дүүргүүдийн газрын албад мэргэжлийн байгууллагаас асуулгүйгээр зөвшөөрөл өгөх эрхтэй. Харин нэгэнт хууль ёсоор зөвшөөрлөө авчихсан, эдлэх эрхээ хэнээр ч заалгахгүй бардам иргэнтэй Нийслэлийн ногоон, хөгжил байгаль орчны газрын 38 байгаль хамгаалагч тулах жишээний. 2000-аад он хүртэл мод хулгайлах гол асуудал байсан бол өдгөө хууль бус газар олголт хэрээс хэтэрчээ. Үүний цаана эрх бүхий байгууллага байгаа нь манай байгаль орчны парадокс болоод байна. Арван жил тутамд нийслэлийн ногоон бүсийн үзлэг тооллого хийдэг аж. БОНХАЖЯ энэ жил үүнийг хийхээр улсын төсөвт хөрөнгө тусгуулсан гэнэ. Энэ тооллогоор хэдий хэрийн хамгаалалттай талбайд газар олгосон, үүний уршгаар хичнээн хохирол учирсан нь тодорхой гарах биз. Ж.Амармаа “Би энэ ажлын хүрээнд газар эзэмшилтээс үүдэлтэй ойн сангийн өөрчлөлтийг нарийн гаргаж өгөөч гэдэг шаардлага тавьж байгаа” гэв. Мэргэжлийн хоёр байгууллагаас гаргаж өгсөн “Улаанбаатар хотын ногоон бүсийн ойн сан”-гийн тоо баримтууд хоорондоо дэндүү хол зөрлөө. Ямартай ч энэ жил нарийн нямбай тооллого хийхийн дээр хотын ногоон бүсэд хичнээн хэмжээний хууль бус газар олгосон, түүний улмаас ямар хохирол учирсныг сайтар тогтоох хэрэгтэй байна. Харин дараа нь Үндсэн хуулиар хамгаалуулах ёстой ойг хэрхэн “хамгаалах”-аа мэргэжлийн байгууллагууд тодорхой болгоно биз.

ОЙГҮЙ ХОТ ИРЭЭДҮЙГҮЙ

Улаанбаатарыг хүрээлсэн ой ундны ус хуримтлуулах, цэвэршүүлэх гол үүрэгтэй учраас хүмүүсийн маргаашийн төлөө хүмүүсээс харамлах учиртай юм. Нийслэлийг чиглэсэн нүүдэл, хүн амын төвлөрөл ойн санд нөлөөлж, үүнийг дагаад ус хомстожээ. Гэхдээ хүн ам нэмэгдлээ гээд цэвэр усгүй болох ёстой юм бас биш. Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга М.Тунгалаг “8.5 сая хүнтэй Нью-Йорк үнэтэй ус цэвэршүүлэх төхөөрөмжийн оронд байгаль дахь цэвэршүүлэгч ойгоо авч үлдсэн. Тиймээс одоо болтол цэвэр усаа уусаар байгаа” гэдгийг онцоллоо. Ерөөс 60 гаруй сая америк хүний ундны ус ойгоос хамаардаг. Энэ нь жилдээ 3.7 тэрбум ам.долларын үйлчилгээтэй тэнцдэг ажээ. Манайд одоохондоо ийм нарийн судалгаа алга. Харин хүний үйл ажиллагааны дүнд ой сүйдсэнээс “Туулын урсгал шөнөдөө тасрах” болжээ. Сүүлийн хэдэн хавар Туулын эрэг дагуу нь байршсан хэдэн үйлдвэрийг чичлэж байна, гэвч энэ нь байгаа оноогүй хэрэг. Б.Хашмаргад “Туул голын нөөц гэхээр энд байгаа хэдэн худгаа л ярьдаг. Бас Гачууртад шинэ үүсвэр оллоо гэх мэт түр зуурын хэрэгцээгээ хангахаа боддог. Гэтэл Туулын хотгор дотор ус бялхуулах ёстой. Өвөл, зунгүй Туулын бассейны гүний усыг соруулаад авчихаар хавартаа тасралгүй яахав” гэлээ. Арьс шир, ноосны үйлдвэрүүд голыг бохирдуулдаг ч ундаргатай нь хамаагүй. Бид цаад шалтгааныг олж харахын оронд нүдэнд ил зүйлийг буруутгахдаа гарамгай. Ундаргынх нь ойг өвөрхангайнхан өөрсдөө хяргаж Онги голыг ширгээчихээд уул уурхайн компани руу бурууг нь тохсон явдал ч бий. Энэ удаа нийслэлийн ногоон бүсэд ул суурьтай хандахгүй бол Алтан тэвшийн хонхорт оруулсан хэдэн тэрбумаар хэмжигдэх хөрөнгө оруулалт чинь хэрэггүй болчихож ч мэднэ.

ХАМГААЛНА ГЭДЭГ ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭ

Бүх нийтийг орон сууцжуулна гэдэг, гэтэл байранд орсон нэг хүний усны хэрэглээ эрс нэмэгддэг. Улстөрчид энэ мэт наад захын тооцоогүй амлалт өгөхөө азнах хэрэгтэй байна. Улаанбаатар хотыг байгуулахдаа Туулын эхний модыг ихээр бэлдсэний горыг бид өнөөдөр амсаж суугаа. Б.Хашмаргадын хэлснээр дарга нар ганц жийп авах мөнгөөрөө Туул голын эхийг хамгаалах нэг ойн аж ахуй байгуулах боломжтой. Сүүлийн жилүүдэд мод үрслүүлэх, ойжуулах ажил харьцангуй нэмэгджээ. Гэвч өөр газар оронд үрслүүлсэн мод шинэ нутагт дасахгүй үхэж үрэгдэх нь элбэг байна. Үүний шалтгааныг Б.Хашмаргад “Цус алдсан хүнд өөр бүлгийн цус хийж байгаагаас ялгаагүй” гэж тайлбарлав. Нэмж тарьж ургуулахын зэрэгцээ ойн шатсан хэсэг, унангийг нь цэвэрлэхгүй бол шинэ залуу мод ургахад садаа болдог. “Унанги ихтэй ой дарьтай торх шиг аюултай” гэж Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга М.Тунгалаг ярилаа. Үүнээс гадна эрүүл модыг идэж сүйтгэдэг хортон шавжны үүр болдог. Манай ой бүр сүйрэх гээд байгаа юм биш. Ойн менежмэнтийг зөв хийвэл уул уурхайгаас дутахгүй баялаг байна. Германчуудын хийсэн тооцоогоор 240 сая шоо метр хатсан хуурай нөөц гарсан. Үүнийг Монголын зах зээлийн үнээр тооцоход 15 тэрбум евро болох юм. Энд байгаа илүүгээр, тэнд байгаа дутууг нөхөх ухаалаг менежмэнт хамгаас чухал. Нэн түрүүнд зуслангийн бүсэд анхаарал хандуулбал ямар вэ?! Хандгайтын сүүлчийн хандгайг харсан байгаль хамгаалагч Д.Ганбаатар “Хамгаалалттай бүсэд амьдрах журам гаргахад болохгүй нь юу байна?! Тэр журмыг дагаж чадах нь үлдэнэ биз, чадахгүй бол явах хэрэгтэй” хэмээн хэлснийг бодож үзэхэд илүүдэхгүй. Үйл үйлээ дагадаг, үнээ тугалаа дагадаг гэдэг монголчууд ус нь модоо дагадаг байгалийн бас нэг зүй тогтлыг мэдэж авах цаг хэдийнэ болжээ.




"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив