Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Бидний мэддэг бас мэддэггүй юмс
2016 оны 4 сарын 22 [Уншсан тоо: 51464]

Монголчууд гуч гаран жилийн өмнөөс олон улсын дээд хэмжээний хурал чуулган нутагтаа зохиох санаа өвөрлөжээ. Улс гүрний нэр нүүрэнд нэмэр болдгийг нь мэдээд авсан хэрэг. Социалист лагерийн орнуудыг эгнээндээ багтаасан СЭВ буюу Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөл (ЭЗХТЗ)-ийн ээлжит их хурлыг Улаанбаатарт хийе гэдэг яриа манай дээдчүүлийн төвшинд болсон аж. Ингээд байгаа нөхцөл боломжоо тооцож үзлээ. Гол хуралдааныг хаана явуулах талаар хэд хэдэн хувилбар гарсны дотор бидний “Выставка” гэдэг үзэсгэлэн чимэглэлийн шилэн танхим дээр тогтсон гэнэ. Долоон метр өндөр таазтай, 1 548 м.кв талбай бүхий танхимыг хуралд зориулан тохижуулж болно гэж үзэв. Урьд нь нийслэлийн дүрслэлд заавал багтаадаг байсан энэ барилга маш зоримог сонголт.
Улсын үзэсгэлэнгийн төв барилгыг 1961 онд Зөвлөлтийн барилгачид барьсан юм. Ингээд тэр жилээ, Ардын хувьсгалын 40 жилийн ойгоор Зөвлөлтийн улс ардын аж ахуй, соёлын хөгжлийн үзэсгэлэнг дэлгэжээ. Харин дараа нь манай улсад бэлэглэснийг нь 1962 онд Улсын үзэсгэлэн чимэглэлийн газарт шилжүүлэн өгсөн түүхтэй. Хурлаа ч яахав ард түмний “нүдэн дээр” шилэн танхимд хийдэг юм байж. Зочдоо хаана буулгах вэ гэдэг удаах асуудал босов. Басчиг гэж “Улаанбаатар”, “Баянгол”, “Алтай”, “Хангай” гээд хэдэн дөмөг зочид буудалтай улс. Гэтэл манай зочид буудлууд үнэндээ “жинхэнэ” зочид буудал биш болж таарав. Гадаадын төрийн тэргүүний аюулгүй байдал, хэрэгцээ шаардлагад аймгийн манай дарга нарын буудаг хэдэн люкс өрөө нийцэхгүй болоод явчихлаа. Харин Цэдэнбал-Филатова “Выставка”-ийн өмнөх 1 500 м.кв бетон талбайд хэдэн сайхан гэр бариад зочдоо буулгачихъя гэдэг санаа гаргасан гэнэ. Хэдий манай тэргүүн хатагтай тухайн үедээ зоригтой, зоргоороо зангаараа бүхнийг ялж явсан ч олон улсын шаардлагад аргагүй нэг дийлджээ. Гэхдээ АСЕМ-д зориулж энэ санааг дахин босгосон УИХ-ын гишүүн Г.Уянга шиг шүүмжлэлд өртөлгүй үлдсэн байж таарна.

Дотоод нөөц бололцоо бүрдээгүй учир ЭЗХТЗ-ийн их хурлыг нутагтаа зохиох санаа бүтсэнгүй. Гэхдээ санаагаа орхисонгүй. ЭЗХТЗ-ийн гишүүн орнуудын тусламж, хандиваар улсын дайтай улс болж яваа юм хойно их хурлыг нь Улаанбаатартаа хийчих алсын бодлоо хэрэгжүүлэхээр мэрийв. Юун түрүүнд “жинхэнэ” зочид буудалтай барих нөр ажил мандлаа. Чамгүй судалсны эцэст “Барууны стандартад нийцсэн” “Сэлэнгэ” зочид буудлын төсөл батлагдаж, тухайн үеийн Югославын барилгачид 1987 онд ажилдаа орцгоожээ. Төлөвлөгөөгөөр бол 1990 онд ЭЗХТЗ-ийн 46 дугаар их хурал “Сэлэнгэ” зочид буудалд хуралдах учиртай байв. “Ерөнхийлөгчийн өрөө”-тэй, өглөөний цай, угаалга, цэвэрлэгээ, гоо сайхнаар үйлчилдэг, хурал чуулганы зориулалтын танхимтай болоод ирэхээрээ “жинхэнэ зочид буудал”-ын зэрэгт хүрдэг аж. Гэвч социалист лагерь нурсан учир ЭЗХТЗ-ийн ээлжит хурал Монголд зохиогдсонгүй. Харин “Сэлэнгэ” нэртэй байсан төсөл “Чингис” зочид буудал болж үүдээ нээсэн нь монголчууд цоо шинэ цаг үетэй золгосныг гэрчилсэн юм.

Монголчуудын эртний хүсэл энэ жил биелэх учиртай байжээ. АСЕМ мэтийн олон улсын хурал чуулганыг нутагтаа зохиох өрсөлдөөн нэгэнт дэлхий даяар хүчээ авчихсан байна. Бидний мэддэг аялал жуулчлалаас 60 хувь илүү орлого олох боломжийг алдах хүсэлтэй хүн алга. Meetings, Incentives, Conferences, Exhibitions буюу MICE гэдэг энэ нэр томъёог “Ажил хэргийн аялал жуулчлал” гэж монголчилж болмоор. Уулзалт, урамшууллын аялал, чуулган, үзэсгэлэнгийн аялал жуулчлалыг бид огт мэдэхгүй юм бас биш. Ухаан нь, 1959 оны есдүгээр сард Улаанбаатарт зохиогдож, 15 орны 40 эрдэмтэн оролцсон “Олон улсын монгол хэл бичгийн эрдэмтдийн анхдугаар их хурал” бол яах аргагүй “Ажил хэргийн аялал жуулчлал”. Бас сүүлийн жилүүдэд байгууллага хамт олноороо Хайнан, Чэжү, Бали арал дээр очиж байгаа монголчууд “Ажил хэргийн аялал жуулчлал” хийгээд яваа юм. Incentives буюу урамшууллын аялал гэдгийг япончууд бодож олсон гэнэ билээ. Ерөөс аялал жуулчлалын энэ салбарыг дагаад олон шинэ үйлчилгээ бий болсон. Зочид буудлын өрөөний мини баар, лимузин, захиалгат нислэг, One stop shop гэх мэт өдөржин хуралдсан хүмүүст хэрэгцээтэй бүхэн эндээс үүссэн байна. Энэ аялалд оролцогчийн зардлыг төрөөс эсвэл байгууллагаас нь даадаг учир нарийлаад байх хүн ховор. Тэр хэрээр орлого хавьгүй илүү. Түүнээс гадна “Ажил хэргийн аялал жуулчлал”-д ихэнхдээ салбар салбартаа мэргэшсэн, өндөр боловсролтой зочид оролцдог болохоор тухайн нутаг оронд шинэ үзэл, дэвшилтэт хандлага, орчин үеийн хэв маягийн үрийг цацдаг. Хамгийн гол нь тухайн газар орныг анхаарлын төвд авчирч, ирсэн зочид орон нутгийн түүх соёлтой танилцаж цааш тараасны үрээр аялал жуулчлалын салбартаа эерэгээр нөлөөлдөг.

2014 онд нутагтаа “Ажил хэргийн аялал жуулчлал” зохиосон тоогоороо АНУ (831), Герман (659), Испани (578), Их Британи (543), Франц (533), Итали (452), Япон (337), БНХАУ (332), Нидерланд (307), Бразил (291), Австри (287), Канад (265), Австрали (260), Швед (238), Португали (229), Швейцарь (226), Өмнөд Солонгос (222), Аргентин (191), Турк (190), Бельги (187) эхний байрт явж байна. Бид “Coal Mongolia” энэ тэрийгээ оролцуулбал бүр хоосонгүй. 1980-аад онтой харьцуулахад дэлхийн сүлжээ хэд хэдэн зочид буудал баригдсан, манай зочид буудлууд үнээрээ биш үйлчилгээгээрээ өрсөлдөөд эхэлж. Гол нь “Ажил хэргийн аялал жуулчлал”-ыг зохион байгуулж сурах үлдлээ. Үүнд АСЕМ маш том сургууль болно. Бусдын чадаад байгааг бид хийж сурах ёстой. Бүгд ийшээ л хошуурч байна. Trends in the Conference Center Industry байгууллагын тооцоогоор 2015 онд “Ажил хэргийн аялал жуулчлал” зохион байгуулах талбай өмнөх жилийнхээс 200-аар, оролцогчдын тоо 6.5 хувиар өсчээ. Монголчууд ямартай ч уяагаа татчихлаа, одоо айлчин гийчнээ аргалж тойглож байгаад хэдэн төгрөгийг нь салгах үлдлээ.  



“Олон улсын монгол хэл бичгийн эрдэмтдийн анхдугаар их хурал”-ын тэргүүлэгч Б.Ринчен, Д.Цэвэгмид, Ц.Дамдинсүрэн нар нээлтийн ажиллагааны индэрт. Тус их хуралд Г.Д.Санжеев, Ю.Н.Рерих  (ЗХУ), Чингэлтэй (БНХАУ), Sh.Ozawa (Япон), Ch.Bawden (Англи), P.Aalto (Финланд), P.Ratchnevski (ХБНГУ), P.Poucha (Чехословак), Udo Posh (АНУ), S.Kaluzynski (Польш), Uray Kцhalmi (Унгар), Raghu Vira (Энэтхэг) нарын нэрт эрдэмтэд оролцсон юм.



1949 онд социалист лагерийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих зорилгоор байгуулагдсан ЭЗХТЗ-д Монгол Улс 1962 онд элссэн юм. Эгнээндээ 11 улсыг нэгтгэсэн ЭЗХТЗ-ийн “хайр хишиг”-ийг хүртэж, орчин цагийн хөгжилтэй хөл нийлүүлж хожсон хүмүүс нь монголчууд байлаа.



Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгт багтсан Монгол Улс 2013 онд тус нийгэмлэгийн сайд нарын бага хурлыг нийслэлдээ зохион байгуулсан юм. Энэ хуралд 140 гаруй орны 1 000 гаран төлөөлөгч оролцсон нь манай урьд болж байгаагүй том олон улсын хэмжээний үйл ажиллагаа байлаа.

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив