Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Хоёр тогтоол
2016 оны 5 сарын 30 [Уншсан тоо: 30933]

Тавдугаар сарын 20, 21-нд Ардын ордонд өвөрмөц концерт боллоо. Халх, цахар, ордос, барга, Забайкаль болон Эрхүүгийн буриад, Астрахань ба Доны халимаг мөн түүнчлэн төвөд, татаар, солонгос, хятад үндэстнүүд хөгжим, дуу, бүжгээ сонирхууллаа.
    
Танхим дүүрэн байв. Жүжигчдийн тоглолт маш амжилттай болов.

Концертыг Халимагийн Бүгд Найрамдах Улсын өлсгөлөнд зориулсан бөгөөд Өргөөгийн цагаачдын нийгэмлэгийн зөвлөлийн нөхөр Дашеев, Баторун, Буян-Нэмэх, Турханаев болон Ардын ордны орлогч дарга нөхөр Боков нарын оролцоотой зохион байгуулсан юм.
    
Хоёр оройн тоглолтын орлого чамгүй байсан бөгөөд 800-900 долларын цэвэр ашиг олжээ.
       
 Бюллетень. Монгольского Телеграфного Агенства. №1 25 Мая 1922 года


ХААГААД НЭЭСЭН ХААЛГА

МОНЦАМЭ агентлагийн анхны дугаарууд орос, монгол хэлээр зэрэг гарч эхлэсэн аж. Улсын дайтай улс болоход юм юм л хэрэгтэй. Өнгөрсөн зууны турш тусгаар тогтнолын төлөө тэмцсэн Монголд гадаад харилцаа чухал байлаа. Гэтэл Коминтерны шийдвэрээр 1929 онд манайд худалдаа эрхэлж байсан гадаадын пүүсүүдийг шахан зайлуулах бодлого хэрэгжив. Улаанбаатарт ажиллаж амьдарч байсан Герман, Дани, Англи, Америк, Франц, Унгар, Эстоний 2 700 орчим иргэн хөөгдсөн байдаг. Ингээд зөвлөлтүүд Монголыг бараг л консервлоод орхичихов. Харин Н.Хрущевийн дулаарлын дараа Монголд салхи оруулахыг зөвшөөрсөн бололтой. 1954 онд Жуулчдад үйлчлэх товчоо байгуулагджээ. Хойтон жил нь түүнийгээ өргөтгөн Гадаадын жуулчдад үйлчлэх газар болгов. Үүнээс хойш “Финланд, Их Британи, Франц, Америк, Баруун Герман, Австри зэрэг Өрнөдийн хүмүүс БНМАУ-д жуучлах боломж бүрджээ. Тухайлбал, New York Times сонины Жак Раймонд, LIFE сэтгүүлийн Лиза Ларсен 1956 онд, New York Times сонины Харрисон Солсбери, Умард Каролины их сургуулийн профессор Робэрт Рүпэн, Принстоны их сургуулийн эдийн засагч Варрэн Изон 1958 онд, Удо Рош, Дуглас Жаксон 1959 онд, Станфордын их сургуулийн эдийн засагч Жорж Марфи, Суракюсийн газарзүйч Жорж Грэсси 1960 онд зочилсон”-ыг Түүхийн ухааны доктор Ч.Болдбаатар “Монголын гадаад харилцаа: Он дарааллын бичиг” номдоо дурдсан байна.

ИХ АЖЛЫН ЭХЛЭЛ

Үүнтэй зэрэгцээд эх орноо хилийн чанадад сурталчлах ажил өрнөжээ. 1954 оны нэгдүгээр сарын 23-нд МАХН(МАН)-ын Төв Хорооны Улс Төрийн товчооны тогтоолоор Гадаад явдлын яамны дэргэдэх Мэдээлэх товчооны гишүүдийг өргөтгөхөөр болсон байна. Гишүүн нэмэх болсон шалтгаанаа “Ардчилсан орнуудтай (социалист лагерь) соёлоор харилцах ажил өргөжсөн” тул хэмээжээ. Харин 1955 онд хийсэн зөвлөгөөний тэмдэглэлийг үзвэл “зочдоос шинийг суралцах”, “үзэсгэлэнгийн танхимтай болох”, “гэрэл зургийн чанарыг дээшлүүлэх”, “зочдод үйлчлэх ажилтнуудыг бэлтгэх” зэрэг тулгамдсан асуудал байжээ. Түүнчлэн “Гадаадтай соёлоор харилцах товчооны үүргийг манай хүмүүс мэдэхгүй байна. Энэ талаар нийт хөдөлмөрчдөд танилцуулах хэрэгтэй” гэдэг санал гарсан нь одоо хэр нь хуучраагүй. Уг хурлаар “Соёлоор харилцах товчоог бие даалгах” тухай ч яригдаж. Ингээд тус газрыг Гадаадтай соёлоор харилцах Монголын хороо болгохдоо “олон нийтийн байгууллага” байхаар тооцсон аж. Дүрэмд зааснаар тус байгууллагын удирдах зөвлөлд Гэгээрлийн яам, Үнэн сонин, Шинжлэх ухааны хүрээлэн, Хоршоодын холбоо, Хүнсний яам зэрэг 30 байгууллагаас нэгжээд төлөөлөл багтах ёстой. Гадаад сурталчилгааг маш өргөн цараатай харсан нь эндээс тодорхой байна. Шинэ байгууллагын төсөвт даргын цалинг сарын 1 500 төгрөгөөр тогтоожээ. Өмнө нь Гадаад явдлын яамны дэргэдэх “Мэдээлэх товчоо”-ны тэргүүлэгч 625 төгрөгийн цалинтай байсан аж. Тэгэхээр шинэ байгууллага байнгын ажиллагаатай болоод зогсохгүй үүрэг хариуцлага хавьгүй нэмэгдсэн бололтой. Гол нь төр засаг гадаад сурталчилгааны чухлыг хүлээн зөвшөөрсөн байна.

ДАРААГИЙН АЛХАМ

1958 оны гуравдугаар сарын 05-нд МАХН(МАН)-ын Төв хорооны Улс төрийн товчооны бас нэг тогтоол гарчээ. “Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг гадаадад (социалист бус оронд) сурталчлах тухай” албан бичигт “БНМАУ-ыг гадаадад сурталчлах ажил бол манай орны нэр төрийг олон улсын дунд улам дээшлүүлэх, тус улсын бүрэн эрхт байдал, түүний эдийн засаг, соёлын ололт (...-ын) тухай капиталист орны ард түмэнд үнэн зөв ойлголт төрүүлэх... ” ёстой гэж бичжээ. 1945 онд Ялтад дэлхийн их гүрнүүдээр тусгаар тогтнолоо зөвшөөрүүлж түүнээс хойш НҮБ-д элсэх өргөдлөө дөрвөнтээ өргөн барьсан монголчууд гадаад харилцаа, тэр дундаа гадаад сурталчилгаандаа ихэд анхаарч эхлэсэн нь XX зууны хоёрдугаар хагасаас хойш гаргасан хоёр тогтоолоос тодорхой харагддаг. Дээрх тогтоолд “БНМАУ-ыг сурталчлах зорилгоор олон улсын монгол хэл, бичгийн эрдэмтдийн хурлыг хийлгэх” тухай ч багтсан юм. Ингээд Улаанбаатарт 1959 оны зун социалист орнууд болон Англи, Америк, Канад, Япон зэрэг 14 орны эрдэмтэд оролцсон анх дугаар хурал болсон түүхтэй. Энэ хурал XX зууны Монголын нийслэлд зохиогдсон анхны “жинхэнэ” олон улсын үйл ажиллагаа лавтай мөн.
 
ҮЕ ДАМЖСАН ӨВ

Улс төрийн товчооны олон заалттай уг тогтоолд оройн сургалтаар 30 хүнийг жилийн дотор орчуулагчаар бэлтгэх; ил захидал, марк хэвлэх; бэлэг дурсгалын зүйл хийх; дотоодын бүтээгдэхүүний сав баглааг сайжруулах гэхчлэн ажлуудыг хариуцсан газар, яамдад нь даалгажээ. Мөн 1959 оноос эхлэн “Орчин үеийн Монгол” сэтгүүлийг орос, англи хэл дээр гаргах, түүнчлэн “Монгол Улс”, “Монголын урлаг” гэрэл зургийн альбом хэвлэх даалгаврыг Соёлын яаманд өгсөн байна. Үүнээс хойш хийгдсэн бэлэг дурсгалын зүйлс, ил захидал, марк, шаазан, өнгөт альбомууд бидэнд социализмыг санагдуулахын сацуу улс шиг улс болох урт замдаа бүтээсэн эд өлөг юм. Харин уг тогтоолын 17-р зүйлд заасан “Социалист бус орнуудын шинжлэх ухаан, соёл урлагийн зүтгэлтэн, сэтгүүлч, уран сайхны цөөн хүнтэй хэсгийг солилцох...” хэмээх заалт дэлхий дахин нэгэн цагт хоёр хуваагдан байсныг гэрчлээд зогсохгүй бид түүний нэг талд нь харьялагдаж басхүү нөгөө талаасаа сэрэмжилж ирснийг ч харуулах аж.
                  


1956 онд үүд хаалгаа нээсэн Монгол оронд ирсэн LIFE сэтгүүлийн гэрэл зурагчин Лиза Ларсенийг бид манайд авсан зургуудаар нь дам мэднэ.


Хрущевийн дулааралтай хамт Цэдэнбалын хүйтрэл эхлэсэн нь хувь заяаны шоглоом билээ. 1956 оны Майн баяр. Гэрэл зургийг Лиза Ларсен.


Олон улсын монгол хэл, бичгийн эрдэмтдийн анхдугаар их хурлын нээлт. Зургийн урд эгнээнд зүүн га талаас Б.Ренчин, Д.Цэвэгмид, Ц.Дамдинсүрэн нар. 1959 он.






      

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn