Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Миний дайсан “Моносын Л.Эрдэнэчимэг
2016 оны 6 сарын 17 [Уншсан тоо: 38703]
Үргэлжлэл

Сургаар танилцсан залуу

1984 он. Монголын хувьд онцгой жил тохиожээ. Улс орныг тасралтгүй 32 жил удирдсан, 68 настай Ю.Цэдэнбалыг наймдугаар сард “хөгшрөлт, оюуны доройтол” гэх мэт шалтгаанаар тэтгэвэрт суулгаж, оронд нь Ж.Батмөнхийг томилов. Мэдээж Зөвлөлтийн удирдлагууд үүнийг зохион байгуулсан. Тэр үед Константин Черненко Зөвлөлт гүрний залуурыг атгаад зургаахан сар болж байлаа. Монголын төрийн тэргүүн солигдсон хэдий ч бүх зүйл хуучнаараа... Социализмын материал техникийн бааз байгуулах зорилго хэвээрээ... Харин тэр жил Төрийн соёрхолт Б.Шарав “Сэрсэн тал”-аа бичсэн байдаг. Монгол хүн бүрийн сэтгэлд хоногшсон бүтээлийг БНМАУ-ыг тунхагласны 60 жилийн ойд зориулсан баярын концерт дээр Ж.Чулуун гуайн удирдлагаар анх тогложээ. Ардын дуу бүжгийн чуулгын уран бүтээлчдийн тоглосон тэнгэрлиг аялгуу уудам Монгол орон даяар жороолон цуурайтаж тавхан жилийн дараа Монгол орон, монголчууд нойроосоо сэрэх учиртай байлаа. Харин энэ бүхэн Болгарын нийслэл Софи хотын их сургуульд сурахаар Улаанбаатар-Москвагийн галт тэргэнд суусан Л.Эрдэнэчимэг охинд онцын сонин биш байсан биз. Арван долоон нас гэдэг амьдралын наад цаадахыг бодох сөхөөгүй, хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн хорвоо дэлхийг хүссэнээрээ харж явдаг гэнэн бас гэгээн үе. Дээд сургуульд, тэр дундаа гадаадын дээд сургуульд орно гэдэг залуусын мөрөөдөл байлаа. Арын хаалгаар сайд дарга нарын хүүхэд гадаадын өөдтэй их, дээд сургуулийг авчихдаг байсан ч сурлага сайтай, толгойтой ардын хүүхдүүд олонх байсныг үгүйсгэж болохгүй.

Улаанбаатараас Москва хүртэл галт тэргээр тав хоног. Цаашаа Москвагаас Софи ортол дахиад хоёр хононо. Газрын хол, замын уртад залуус хоорондоо танилцаж, буу халахаас өөр юу хийх билээ. Эрчүүд бол яахав ууна аа, вагон хурдлуулж байгаа нь тэр. Нэгдүгээр курсын оюутнуудыг дээд курсынх нь хүүхэд замчилж бас халамжилж явна. Хоёрдугаар курсын Нараа охин замын туршид сав л хийвэл “Манай Баясаа тийм ч мундаг, ийм ч сайн” гэж ам хуурайгүй Баясаа гэх залууг ярьсаар Софи орлоо. Яриулсаар байгаад нэгдүгээр курсын охид бараг л дурлацгаачихав. Софид очиход охидын баатар Баясаа нь байсангүй. Шинэхэн оюутнууд дотуур байрандаа төвхнөлөө. Энэ зуур ч нөгөө Баясаагийн тухай дуусашгүй яриаг сонссоор. Охидын ярианаас дүгнэвэл Баясаа спортод их элдэвтэй нөхөр аж. Галт тэргэнд долоо хоног, очоод сар гаран Баясаа гэх нэрийг сонссон хэн ч тэр Баясааг нь ганц болов хармаар санагдана биз дээ.

Аравдугаар сарын нэгэн өдөр охид бөөнөөрөө цуглачихсан дуусдаггүй яриагаа дэлгээд сууж байтал хаалга онгойж туранхай бор залуу шагайлаа. Гэтэл Нараа “Баясаа” гэж хашгирч гүйж очоод хүзүүнээс нь зүүгдчихэв. Нараа бүр уйлж байгаа харагдана. Баясаа, өнөө Баясаа нь тэр байж. Намхан, туранхай, бор залуу... Нараагийн яриагаар охид Баясааг өндөр, цагаан залуу гэж төсөөлсөн юм биз дээ. Мань эр болгар хэлний бэлтгэлдээ муу сурсан учир зунжин ганцаараа хичээлээ давтаад нутаг буцчихаад ирж байгаа нь тэр юмсанж. Тийм ч төгс төгөлдөр залуу биш болох нь тэр дороо л мэдэгдэв. “Өө, энэ байсан юм уу” гэдэг бодол тэрхэн зуур зурсхийж, Л.Эрдэнэчимэг голох ч маягтай. Бүтэн сар яриулсан тасархай залуу нь ийм намхан байх юм чинээ хэн бодох билээ. Харин Баясаа, Л.Эрдэнэчимэгийн хуваарилагдсан оюутны байранд тэр жил суухаар болжээ. Эндээс л энэ түүх эхлэсэн юм.

Болгарын оюутны амьдрал

Социализмын жилүүдэд 40 гаран мянган монгол залуус гадаадад тусгай болон дээд боловсрол эзэмшсэн гэдэг мухар тоо явдаг. Тэдний тоонд энд түүхийг нь хүүрнэн буй Л.Эрдэнэчимэг ч багтах юм. Чухамдаа гадаадад сурч байсан оюутнууд л орчин үеийн боловсрол, соёлыг тал нутагтаа тээн ирж байсан билээ. Тэд нар тухайн цагийнхаа урлаг соёл, загвар маяг, дуу хөгжим, донж төрхийг тодорхойлдог байлаа. Монголд Ардын засаг байгуулагдсан цагаас бүх нийтийн боловсролд анхаарчээ. Тэр дундаа барууны хөгжилтэй орнуудад хүүхэд залуусаа сургах ажлыг эхлүүлсэн юм. Ардын Засгийн газрын 1925 оны арваннэгдүгээр 27-ны өдөр хуралдсан 42 дугаар хуралдаанаас “...хичээл сурлагадаа шалгарсан, биеийн эрүүл мэндийн хувьд тэнцэх дунд сургуулийн төгсөх ангийн 35 сурагчийг сонгон авч Герман, Франц улсад явуулж дунд, лицей болон тусгай мэргэжлийн ажилтан бэлтгэх төрөл бүрийн сургуульд суралцуулах” тухай шийдвэр гаргажээ. Энэ ёсоор Германд 37 хүүхэд, Францад зургаан хүүхэд сургасан байдаг. Нэгэн сонирхолтой баримт дурдахад Д.Сүхбаатарын хүү С.Галсан, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн хүү Ц.Юндэн хоёр энэ шалгалтад тэнцээгүй юм билээ.

Гадаад оронд залуусаа сургах ажлыг санаачлан зохион байгуулагч нь МАХН-ын Төв хорооны дарга Ц.Дамбадорж, Ардыг гэгээрүүлэх яамны сайд Эрдэнэбатхаан нар байсан бөгөөд Ерөнхий сайд А.Амар, Судар бичгийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Ж.Цэвээн, ЗХУ-д байсан Элчин төлөөлөгч Б.Буянчуулган нар байжээ. Монгол улсын үндэсний төв архивт “МУҮТА., Ф-1, Д-2, ХН-194, Х-7-8” товъёгтой 1926 оны нэгэн баримт бий. Түүнд Ардыг гэгээрүүлэх яамны сайд Эрдэнэбатхаан, багш Авирмэд хоёрт Герман, Франц улсад суралцах нийт 30 хүүхдийг хүргэж өгөөд буцах замдаа Ленинград, Москва, Эрхүү, Улаан-Үүд хотуудад сурч буй оюутнуудаа эргэх, мөн дэлхийн газрын зургийг монголоор хэвлүүлэх томилолт өгснийг бичсэн байдаг. Энэ цагаас монгол залуус социалист гэгдэх орнуудад боловсрол эзэмшиж эхэлсэн юм.

1980-аад онд Болгарт жилдээ 100 орчим монгол оюутан сурдаг байлаа. Тэднээс урлагийн сургуулийн оюутнууд дийлэнх нь байсан ч байж мэднэ. Болгар улс Монголын эстрадын болон дуурийн урлагт олон сайн дуучин бэлтгэж өгсөн. Анхдагч нарын нэг нь МУСГЗ Д.Ухнаа, сүүлийнх нь МУГЖ Т.Ариунаа байна даа. Болгарын монгол оюутнуудаас жилдээ 10 орчим хүн төгсөж, 18-20 оюутан шинээр очно. Очиж байгаа, төгсөж байгаа оюутны тоо ингэж хол зөрж байгаад шалтгаан бий. Хичээлээ дийлэхгүй, муу сураад хөөгдөх бол байж болох үзэгдэл. Харин “Социалист Монгол орныхоо нэрийг хамгаалах”-ын тулд Болгарт Монголыг төлөөлж байсан Элчин сайд тэнэг ч гэмээр шалтгаар оюутнуудаа нутаг буцаана. Буцаах гэдэг нь үндсэндээ хөөчихөж байгаа хэрэг. Ганц Болгар биш, ер нь л гадаадад сурч буй оюутныг “хөөнө” гэдэг ганцхан үгээр л айлгана. Болгарын оюутнууд амралтаараа хөрш зэргэлдээ улс руугаа явбал хөөгдөх хамгийн эхний болзлыг хангана гэсэн үг. Тиймээс оюутнууд хил дээр тамга даруулангуутаа долоочихно. Тэгэхээр тамганы балархай ором үлдэж хаашаа, хэзээ гарсан нь харагдахааргүй болдог. Дараа паспорт шалгахаар нь “норгосон”, “усанд унагасан” гэхчлэнгээр аргалчихна. Ердөө л зэргэлдээ Герман, Унгар мэт социалист улс руу явна шүү дээ, оюутнууд.

Хөөгдөх шалтаг, шалтгаан мундахгүй. Гадаадын оюутантай үерхсэн бол хөөгдөх дараагийн том шалтгаан. Болгарт сурч байсан оюутнуудын ихэнх нь охид. Ид л хайрлаж дурлаж, дэгж дэрэвдэг насан дээрээ. Гэвч хүнд бурхнаас бэлэглэсэн жаргал, байгалийн хэрэгцээг нь хүртэл хааж бооно. Охидыг социалист орны залуутай үерхсэн ч бас л хөөнө. Монголын Элчин сайдын яамны Оюутан хариуцсан гуравдугаар нарийн бичгийн дарга ажилдаа “их сайн”. “Сайн” гэдэг нь оюутнуудаа мөрдөж мөшгөх, тагнаж чагнах, матаас цуглуулахдаа гарамгай гэсэн үг. Гадаадын оюутантай үерхээд баригдахдаа тулбал охид монгол хөвүүдээ гуйж хуурамчаар гэрлэн Элчин сайдын яамандаа бүртгүүлэх нэг аргатай. Энэ бүтэх нь ч бий, баригдах нь ч бий. Мань гуравдугаар нарийн бичгийн дарга оройдоо оюутны байраар нь орж сэмхэн шалгана. Бүр сургуулийнх нь Деканы газар очиж монгол оюутнуудын тухай байнга сурагладаг болохоор багш нар “Чи ямар хэрэг тарьчихсан юм бэ” гэж оюутнуудаас гайхан асууна. Сурах гэж ядаж яваа оюутанд ямар сайн байх вэ, “Манай улс ингэж шалгадаг юм” гэсэн товчхон хариулт өгнө.

Л.Эрдэнэчимэгийн очсоны хойтон жил буюу 1985 онд М.Горбачёв, “перестройка” хоёртой дэлхий дахин танилцсан юм. Берлиний ханаар хүн төрөлхтнийг хоёр хуваачихсан хуучин үзэл суртал хэзээ мөдгүй нуран унах цаг нь ойртсон үе. Тиймээс ч Элчин сайдын яам оюутнуудад тавих хяналтаа илүү чангалсан ч байж мэднэ. Тэр жил Хойд Солонгос Болгарт сурч байсан оюутнуудаа хоёрхон өдрийн дотор бүгдийг нь онгоцонд ачаад явсантай харьцуулахад Монголын тал харьцангуй зөөлөн хандаж байж мэднэ. Ийм л ороо бусгаа цагийн зааг дээр оюутны амьдралд хөл тавьсан Л.Эрдэнэчимэгийн өмнө сургуулиа төгсөх, хайрлаж дурлах, гэр бүлээ зохиох, амьдралд хөлөө олох, нийгэмд байр сууриа эзлэх гээд олон олон үүрэг даалгавар ээлж дараагаараа ярайж байлаа.



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn