Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Шөнийн цэнгээн шөнө л болдог
2016 оны 9 сарын 15 [Уншсан тоо: 202209]

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч
С.Батболдод бичсэн захидал


    Сайхан намаржиж байна уу, та. Бие лагшин тунгалаг, мал сүрэг тарган тавтай биз дээ. Та минь Шөнийн цэнгээний газрыг шөнө ажиллуулахгүй гэдэг шийдвэр гаргах сурагтай. Таны хаахаар зориод буй газрууд шөнө ажилладаг учраас л Шөнийн цэнгээний газар (Night club) гэж нэрлэдэг юм. Ийм газар үүссэн түүх нь Америкийн хуурай хуультай холбоотой. Америк орныг гангстерийн хөлд сүйрүүлэх шахсан тэрхэн үед далд хэлбэрээр цэнгээний газрууд нээгдэж, цагдаа нарт хахууль цутган ажиллаж эхлэжээ. 1920-оод он л доо. Та “Америкт нэг удаа” гэж Сержо Леонегийн киног үзээрэй. Тэнд Хуурай хуулийн үеийн цэнгээний газар яаж ажилладаг байсныг тодорхой харуулдаг. Харин Хуурай хууль цуцласан 1933 оноос нууц цэнгээний газрууд хууль ёсны болж төсөвт татвар төлдөг болсон юм. 1947 онд Парист нээгдсэн Whisky a Go Go цэнгээний газар анх өнгө өнгийн гэрэл бүхий бүжгийн талбайтай болжээ. Америкт Whisky a Go Go 1958 онд нээгдснээр америкчууд диско гээчийг мэдэж авсан. Диско гэхээр танд танил сонстож байгаа биз? Гэхдээ наяад онд Монголд дэлгэрсэн, таны мэддэг диско бол миний яриад байгаагийн социалист хуулбар. Тиймээс та Шөнийн цэнгээний газрыг түүгээрээ төсөөлж огт болохгүй шүү.
   
    Бас нэг асуудлыг та битгий хэл мэргэжлийн байгууллага нь ч одоо болтол ойлгож, зөв тодорхойлолгүй явсаар өдий хүрсэн. Шөнийн цэнгээний газар гэж юуг хэлэхийг хуульд тодорхой заагаагүй. Согтууруулах ундаагаар үйлчилдэг бүх газрыг энэ хашаанд дотор багтаагаад ойлгочихдог. Ухаан нь, адуу гэхээр бүх морийг хэлээд байгаатай утга нэг юм. Гэтэл адуун дотор хурдны, уналгын, хонины, идэшний морь багтдаг, тийм ээ. Яг үүн шиг согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудыг ресторан, баар, кафе, лоунж, шөнийн цэнгээний газар гэхчлэн ангилдаг. Тус бүрдээ өөр өөрийн онцлогтой. Жишээ нь, Шөнийн цэнгээний газар ихэвчлэн 22 цагаас хойш хаалгаа нээдэг. Өсвөр залуу үеийнхэн голчлон үйлчлүүлдэг, гэрэлтүүлэг бүхий бүжгийн талбайтай. Сандал ширээ байх боловч тэнд нь суугаад хөөрөг зөрүүлж хууч хөөрөх боломжгүй. Тэнд залуус бүжиглэх л гэж ордог учраас тухлаж аваад цагаан архи мэтийн хатуу юм уудаггүй. Голчлон цагаан архи мэтийн хатуу ундаанд элдэв жимсний шүүс нэмж зөөлрүүлсэн коктейл гээчийг хэрэглэдэг. Манайхаар бол хар нүдэн л юм даа. Коктейлийн алкохолийн агууламж 5 хувиас нэг их хэтрэхгүй. Коктейл уусан хүнийг архидан согтуурагч гэвэл айрагчдаа хэдүүлээ хэн гэж нэрлэх болж байна даа?!
   
    Таны үеийн диско соёл, олон нийтийн арга хэмжээнд зүй ёсоор багтдаг лугаа адил Шөнийн цэнгээний газар бол хотын соёлын чухал хэсэг, тэр дундаа согтууруулах ундааны хэрэглээг шинэчилж байдаг газар. Хүний нийгэм аль дэвшилтэт зүйлийг ухамсаргүйгээр даган дууриаж ирсэн. Тийм болохоор Шөнийн цэнгээний газраар үйлчлүүлдэг залуус бусаддаа зөөлөн хэрэглээг сурталчилдаг гэхэд болно. Тэнд үүссэн трэнд аажмаар гадагш гарч бусад залуус ч яг л үсний шинэ засалт, загварын шинэ хандлага шиг хар аяндаа тэднийг дагуулдаг. Ийм маягаар архидан согтуурах явдал аажмаар багасдаг учиртай. Түүнээс та минь тасхийтэл хориод хаямагц л бүгд уухаа больчихгүй, харин ч цагаан архиа шил шилээр нь шагаар аваад цангасан адуу шиг л ууцгаана. Та минь ухаантай хүн, энэ бүхнийг бодолцоод төслөө эргэж хараарай. Зарим хүн таныг хувьдаа шөнийн цэнгээний газартай хэсэг бүлэг хүмүүсийн ятгалгаар ийм шийдвэр гаргах гэлээ хэмээн хардаад л байна. Гэхдээ би ийм явган ярианд үхсэн заяа нь итгэхгүй ээ. Хот тойрч өссөн та минь хот захирч байгаагаа бодолцоорой. Таны ажилд амжилт хүсэх авааас миний амьдралд эерэг нөлөөтэй юм хойно амжилт амжилтын дээдийг ерөөе!   




         

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn