Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Эрдэнэтийнхний хүсэлт
2016 оны 10 сарын 24 [Уншсан тоо: 49035]



УИХ-ын Дэд дарга Ц.Нямдорж бужигнуулж гарлаа. Өнгөрсөн сонгуульд үнэмлэхүй ялсан намаа ч, мамаа ч бас сандаргав. Эрдэнэтийн 92 мянган иргэнд санаа зовсон түүний сэтгэлийн мухарт ямархан “алтан санаа” байгааг тааж хэлэх одоогоор эрт байна. Ухамсарт бүх амьдралаа УИХ-д өнгөрөөсөн хүн улстөрөөс ангид зүйл ярьсан гэвэл гонж. Авсан суудлынхаа хэрээр эрх мэдэл булаалдсан МАН-ынхнаас Эрдэнэт байтугайг зорилгодоо ашиглах ухаан гарна. Харин Эрдэнэт үйлдвэрийнхэн өөр зүйлд сэтгэлээ чилээж сууна.



Ростехийн мэдэлд байсан Эрдэнэт үйлдвэрийнх нь 49 хувийг Монголын зэс компани авсныг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн мэдэгдлээс тэд анх сонсчээ. Энэ тал дээр бусдаас ялгаа огт алга. Өнөөдөр ч үйлдвэрийн үүдэнд алтан соёмбот Монголын, КГБ (красный, голубой, белый) өнгөтэй Оросын далбаа зэрэгцэн намирч харагдана. Хэрүүл дагуулсан 49 хувийг авсан Монголын зэс компанийнхан хоёр төр дамжиж, 38 жил бахархсан “найрамдал”-аар нь яаран оролдохыг хүсээгүй бололтой. Хэл ам хангалттай байхад бас нэг шалтагийн нэмэр биз ээ.     



УИХ-ын Дэд дарга Ц.Нямдоржийн мэдэгдэл, телевизэд өгсөн ярилцлага битүүхэн түгшүүр төрүүлжээ. Үүнээс өмнө гарсан хэл амыг тоолгүй өнгөрөөсөн бололтой.  Өнгөрсөн сонгуулиар Энэ хамт олонд 49 хувийг хэн авсан нь онцын чухал биш, харин ажлын байраа хэвээр хадгалах л гол асуудал ажээ.



Эрдэнэт үйлдвэрт Экскаваторын туслах машинчаар анх орж 24 дэх жилээ ажиллаж буй Үйлдвэрлэл техникийн газрын дарга П.Батболор “Дөчин есөн хувийн худалдан авалт тойрсон тайлбар л яваад байна. Хууль эрхзүйн хувьд тэр ажлын хэсгийнхэн нь тайлбараа хийнэ биз. Харин бид нар бол үйлдвэрлэлээ цаашдаа тогтвортой явуулахыг л хүсэж байна” гэсээр биднийг угтав. Эрдэнэт үйлдвэр 2013 онд зэсийн үнэ 8 000 ам.доллароос унаж эхлэхэд хямралын эсрэг арга хэмжээнд шилжжээ. Юун түрүүнд хэрэгцээт материалаа зуучлагчгүйгээр шууд үйлдвэрлэгчээс авахыг эрхэмлэх болсон гэнэ. Мөн Засвар механикийн заводдоо хийж болохоор сэлбэгийг гаднаас авахаа больж. Энэ мэт олон ажлын дүнд өнөөдөр нэг тонн баяжмалын өртөг 3 953 ам.доллар болсон гэв. Өнөөдөр зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр дундаж нь 4 700 ам.доллар байна. 2013 онд Эрдэнэт үйлдвэр тонн зэсийг 6 600 орчим ам.доллароор олборлож байсан аж.



Тус үйлдвэрийн Хүдрийн ил уурхайн 10 экскаватор, 27 БелАЗ, 490 ажилтантай, 24 цагаар тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг. Энэ жил 33 сая тонн уулын цул олборлоод байна. Харин хүдэр олборлох төвшин доошлох тусам ачааг дээш гаргах зардал нэмэгдэнэ. Бас ус гарч, тоосжилт улам ихэсчээ. Хүдрийн ил уурхайн дарга Б.Отгондаваа “Дөчин есөн хувийг Орос нь эзэмшинэ үү, хэн нь байна бидэнд ерөөсөө падгүй. Бидний гол үүрэг бол технологио сайн барих. Гэхдээ юм эзэнтэй байвал их зүгээр. Харин улстөржүүлээд дампууруулаад ирвэл энд ажиллаж байгаа 6 000 гаран хүн, гэр бүлийнх нь 30 гаруй мянган хүн л хоолгүй болно. Манай үйлдвэрийг дагаад Эрдэнэт хотын тэр чигтээ нурж унана” гэж ярилаа.




Наяад онд хүдрийг 500-1 000 метр тээвэрлэдэг байсан аж. Харин одоо энэ зай 3.26 км болжээ. Ил уурхайн зардлын 50 хувь нь БелАЗад оногддог. Үүнийг дагаад зэс олборлолтын өөрийн өртөг нэмэгдэж таарна. Иймээс мөчлөгт тээвэр буюу туузан дамжуулга ашиглахаар ирэх жилийн концепдоо тусгасан байна. Мөчлөгт тээвэрт шилжсэнээр хүдэр тээвэрлэх зардал 30 гаран хувиар багасах тооцоо гарсан гэнэ. 



Эрдэнэтийн хүдэрт агуулагдах зэсийн хэмжээ 0.48 хувь болж буурчээ. Тиймээс олборлолтоо нэмж зэс гаргалтаа жигд барих ёстой аж. Тус үйлдвэрийнхэн юу юугүй уурхайгаа шавхчихъя гэсэн санаагүй бололтой. Өнөөгийн хэмжээнд олборлоод байвал 30-40 жилийн нөөц бий гэж байна. 



“Үйлдвэр миний төлөө юу хийх бол гэж бодохын оронд үйлдвэрийнхээ төлөө юу хийх билээ гэж бодоцгооё”. Ийм нэг лоозон үйлдвэрийн хашаанд байна. 2015 оноос Эрдэнэт үйлдвэр Мянган инженерийн зөвлөгөөн зохион байгуулж хэмнэлт гаргах шинэ бүтээл шалгаруулах болжээ. Ноднин ДЦС-ын хамт олон “Инноватор” цомын эзэн болсон гэнэ. Энэ ажил инженерүүдийн идэвхийг нэмээд зогсохгүй үйлдвэрийн зардлыг бууруулахад үлэмж нэмэр үзүүлнэ гэдэгт удирдлагууд нь итгэлтэй байна. 



“Улс төр бол огт ярихгүй шүү” гэж мэндэлсэн ДЦС-ын дарга Г.Мөнх-Эрдэнэ “Манай станцын өргөтгөл ашиглалтад орохоор үйлдвэрийнхээ эрчим хүчний хэрэглээний 40 гаран хувийг бид хангана. Одоо нэг кВт цахилгааныг 170 төгрөг 40 мөнгөөр авч байгаа. Харин манай станцын цахилгааны өртөг 104 төгрөгөөр гарах тооцоотой. 48 МВт-ын цахилгаан станцын төсөл өртөгөө жил зургаан сард төлнө” гэж төслөө танилцууллаа.



Эрдэнэт үйлдвэрийн ДЦС 2012 онд 2.5 МВт-ын хоёр турбин угсарч цахилгаан үйлдвэрлэж эхлэжээ. Одоогийн өргөтгөлийг тендерт ялсан БНХАУ-ын Харбин электрик компани гүйцэтгэж байна. Графикийн дагуу энэ 11 дүгээр сарын 7 гэхэд байгууламжуудынхаа ханыг битүүлж дулаан өгөх аж. Ингээд хойтон 11 дүгээр сард түлхүүрээ гардан авах юм байна. Өргөтгөлд 12 МВт-ын дөрвөн турбо-генератор суурилуулснаар ДЦС-ын хүчин чадал 53МВт болно.



Эрдэнэт үйлдвэрийн хаягууд орос, монгол хоёр хэлээр байдаг. Энэ бүхэн удахгүй солигдоно. “Оросуудтай сүлбэлдсэн улстөржсөн удирдлага байсан. Тэр байдалдаа дасчихсан улсууд шинэ баг хүрээд ирэхээр тийм амархан дасахгүй. Өмнө нь Эрдэнэт үйлдвэр олон улсын гэрээ хэлэлцээрээр явдаг байсан болохоор Монгол Улсын хуулиас дээгүүр шахуу л байлаа” гэж инженер техникийн зарим ажилтан ярьж байна. Мөн “Хүний ажил, авдаг цалин хоёроор нь оролдоод эхэлбэл цаашаа ажил явахгүй” хэмээн хэлэх хүн ч байна.  



Эрдэнэт үйлдвэрийнхэн өөрсдийг нь Оюу толгойтой харьцуулахад төдий л таатай хандахгүй юм. Оюу толгой ашигт малтмалын нөөц ашигласны татвар нь Тогтвортой байдлын гэрээгээр таван хувь. Зэсийн үнэ хэд ч хүрсэн үүнийгээ төлдөг. “Харин Эрдэнэт үйлдвэр зэсийн үнэ 5 000-аас дээшээ бол 16 хувь төлдөг. Өнгөрсөн жил 5 000-аас дээшээ байсан. Харин одоо 5 000-аас доошоо орчихлоо, энэ жил л бид таван хувь төлж байна. Ний нуугүй хэлэхэд ийм хялбархан юман дээр улстөр хийж байгаа байхгүй юу. Хариуцлагатай хүмүүс бол бүгд мэдэж байгаа. Тэр гэрээг нь батлалцаад, кнопоо дараад сууж байсан хүмүүс улс эх орны ийм том асуудлыг улстөржүүлээд туучихлаа” гэж хэлсэн Үйлдвэрлэл техникийн газрын дарга П.Батболорын түмэн зөв. Тэрээр биднийг өрөөнөөс нь гарахад “Эрдэнэтийг битгий л улстөржүүлж үзээрэй, та нар минь” гэсээр үдсэн юм.




Гэрэл зургийг Б.БЯМБА-ОЧИР
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив