Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Монгол болох хүсэлтэй монгол
2016 оны 11 сарын 15 [Уншсан тоо: 64239]

“Хөдөлмөрийн бие хүн”-ээс “монгол хүн” болох уралдаан өрнөөд хорь гаран жил өнгөрчээ. Албан ёсоор уралдаан зарлаагүй боловч “Малаа яаж маллахаа марксизмаар заалгахгүй” гэж эхлээд “Би жинхэнэ монгол, билэг танхай хөдөөний хүн” хэмээн агсамнасаар “Тэнгэр заяат монгол” гэдэг тодорхойлолт гаргаад ирсэн. Энэ хооронд дээлийн “нэгдэлчин” загвар С.Жавхланд захаа ханз татуулан улам “монголжиж” “хүннү” болоод байна. Бусдаасаа илүү монгол болох уралдааны төгсгөлд “жинхэнэ монгол дээл”-ийн хийц ямар харагдахыг одоо таахад бэрх. Гэхдээ Гурван цэнхэрийн агуйн сүг зургаас нэг их холдохгүй болов уу хэмээн найднам.       

Ламаизмаас марксизм эргээд ламаизм

“Хойморт залрах хийморь болсон” Лениний сургаалын хугацаа дуусахад монголчууд итгэл үнэмшил, үнэт зүйлгүй хоцорсон. Ингээд дэлгүүрийн лангуутай хамт бидний “оюун санаа хоосров”. Энэ орон зайг эрүүл ухаанд багтамгүй ер бусын зүйлс тэр дор нь дүүргэсэн юм. Алтан цөгц, Ромбу гариг, Өнөрмаагийн гал... Шинжлэх ухааны академи тэгэхэд Өнөрмаа гэгчийн энд тэнд тавьсан түймэрт “бөмбөгөн цахилгаан” гэдэг физик тайлбар хийж суусан. Үүнийг өдгөө “Социализмын гавьяанд тооцдог бүх нийтийн боловсрол нь чухамдаа бичиг үсэгт тайлсан төдийхөн байжээ” гэж дүгнэсэн ч болно. Гэхдээ бид XX зуунд илт шинжлэх ухаанжсан учир сэтгэлгээнд асар ахиц гарсан. Үр дүн нь өнөөгийн “жинхэнэ монгол” болох өрсөлдөөний явцаас тод харагдана. Ухаан нь, монголчууд Алтан цөгц, Ромбу гариг мэтэд найдахын оронд хүний төрөлхтөн хүлээн зөвшөөрсөн шашин, сүсэг бишрэлийг сонгожээ. Суртал номлол ялимгүй өөрөөс биш хүнийг энэ яваа насанд нь жаргаана гэдэг марксизм үнэндээ бол шашин. Тэгэхээр ламаизмыг халсан, марксизм унасан, ламаизм эргээд ирсэн л хэрэг. Гэвч ламаизм “жинхэнэ монгол” биш гэдэг нь нотлогдоод багагүй хугацаа өнгөрч байна.   

Бөөгийн давлагаа ба шинэ шашин

Ингээд “жинхэнэ монгол” хүн бөө мөргөлтэй явсныг санацгаав. Дэлхийн талд хаан суусан маань бөөгийн шид болохыг дор нь батласан. Гэхдээ найман зууны тэртээхийг сэргээвэл “боловсролтой” монгол хүнд буухгүйг мэдэлгүй яахав. Ингээд бөө мөргөлийг “XIII зууны Монголын түүх”, үндсэрхэг үзэл хийгээд дэлхий дахины трэнд ногоон үзэл-эко хөгжлөөр баяжуулжээ. 2009 онд Ж.Нүрзэд “Хөх Моногоулыг ний-хэмээр бадраах хутагтай дөрвөн нэүрит их засаг-ийн алтан дээд үнэн аялгуу” ном хэвлүүлснээр бөөчид судартай болов. Уг ном “Толуйн хатан Сорхогтани бэкүни”-ийн сургаал юм гэнэ. Түүнийг нь “Арван тав дахь үеийн өртөөлөн дамжуулагч Хөх нохой овогт Журнайн Нүрзэд”-ийн өвөг дээдэс 748 жил ам дамжуулан маани мэгзим шиг өртөөлөн чээжилж өнөө хүрсэн гэж зохиогч дурджээ. Баруун монгол аялга эсвэл уйгаржин монголын авах юмгүй алдаатай бичлэг гэмээр эл номыг уншаад ойлгоход хэцүү. Харин бөөчин бүр хэр чадлаараа тайлж болох аж. Доктор З.Бат-Отгон “МАНУКОЛ академи”-ийнхээ нэрийг үүнээс сэдэвлээд зогсохгүй “Монгол суу ухаан”-аа бас боловсруулсан байна. Ерөөс энэ ном олон бөөчинд туурвих аугаа онгод хайрлажээ гэлтэй. Б.Хүрэлтогоо “Чингис хааны алтан аялгууны нууц”-ыг нээсэн бол сүүлд ургасан эвэр урт байдаг хойно Аянгат удган, Б.Мөнхгэрэл зайран хоёр “Тэнгэр Монгол Газар” номоо хэдийнэ уйгаржин бичигт буулгаад Өвөр Монголд борлуулж явна. Ийн ариун судраа тэрлэсэн бөө мөргөлийн “шашин” болох шинж бүрджээ.

Өрнөл ба тэмцэл

Монголын бөөчид уралдан ном судар бүтээхийн сацуу нэг нэг сэдэв өмчилж зах зээл дээр ширүүн өрсөлдөөнд орсон. Энэ цаг үе Холливүүдийн 2012 уран сайхны кинотой давхцаж хөл хөөр нэмжээ. Бөөчин бүхэн 2012 оны 12 дугаар сарын 21-нд дэлхий сүйрэх тухай байр сууриа илэрхийлсэн юм. Тэдний дотроос судлаач Г.Намираа ТВ9 сувгаар дэлхий сөнөхөд тэнгэр заяат монголчууд л амьд үлдэхийг нотлон ярьдаг тусгай цагтай байлаа. Харин хэрээ дууриаж галуу... гэдгийн үлгэрээр Орифлеймийн захирал Г.Оюунгэрэл хүний нүүр харах аргагүй болоод хоцорсон доо. Судлаач Г.Намираа эдүгээ хаа явааг хөх тэнгэр нь л мэдэх биз. Энэ зуур бөөчид “жинхэнэ”, “хуурамч”-аараа талцан тэмцэлдэж эхлэжээ. Үүнийг Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэлээс 2015 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан бичсэн захидлаас харж болно. Асуудлын гол нь “жинхэнэ”, “хуурамч”-даа бус энэ цагийн аясыг “мэдэрсэн”, “эс мэдэрсэн”-д л байгаа юм. Төрийн зайран Д.Бямбадорж тэргүүтэй ахмадууд блог хөтөлж, зурагтаар ярьж, ном судар бичилгүй хойш суусаар зах зээлээ эгнэгт алдахаа шахсан аж. Шинэ үеийнхэн “Ний-хэм, Хатан ухаан, Тэнгэр-Монгол-Газар, Тэнгэрийн оньс”-той бас нэмэрт нь “Монгол бөөгийн тэргүүн зайран, Алтан ургийн хунтайж, Улаан хуулиар бөө судлалын дэлхийн академийн ерөнхийлөгч, доктор, профессор, академич, БНМАУ-ын Ард түмний баатар, Монгол төрийн зайран, Булган аймгийн отгон анхдагчийн нэг, Дархад хар отгийн бөөгийн тэргүүн зайран”1 цолтой болцгоожээ. Тэдний дундаас Аянгат удган ба Б.Мөнхгэрэл зайран, Монгол суу ухааны З.Бат-Отгон, Мөнх тэнгэрийн оньс И.Мөнхсаруул нар цолгороод байна. Манай хэдийн үзэл онол өөр, дээр нь гал ус мэт “харшилдаг”. Ерөөс Монголын бөөчид нэгдсэн түүхгүй гэж өөрсдөө ярих дуртай. Гэхдээ бөөчид саентологийн эцэг Рон Хаббардын “Үнэхээр баяжъя гэвэл өөрийн шашныг үндэслэ” сургаалыг нэгэн дуугаар дэмжих нь дамжиггүй ээ. 

Сект хийгээд улстөр

Чингисийн удмын хунтайж П.Давааням өөрийн төр улсыг “эмхлэн байгуулж”, Засгийн газрын гишүүдээ зарласан хэвлэлийн бага хурлаа бидэнд зориулсангүй. Өдөр ирэх тусам хорогдох шавь хийгээд нэр хүнд нь өсөж яваа өрсөлдөгч нартаа амьд бүхнээс амьд гэдгээ харуулж буй ухаан. Сонгуульд оролцож байгаа нь түүний эцсийн зорилго. П.Даваанямаас гадна олон бөөчин сонгуульд өрсөлдөх болж. Бөөчин улс төрд нөлөөтэйг “нотолсон” хүний нэг нь МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид. Түүний 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө болон хойно блогтоо оруулсан бөөгийн буулт өөрт нь ямар ашиг тус өгснийг эргээд харахад андашгүй. Энэ үеэс улстөрчид бөөчинд мөргөж “Банхар шүтээн” босгохын оронд өөрийг нь ашиглавал илүү унацтайг мэдэж авчээ. Үүний нэг нь “Мөнх тэнгэрийн оньс” И.Мөнхсаруулын Алтан ургийн хаад, хатад тодруулах ёслолтой нэр холбогдож асан УИХ-ын гишүүн. Тэрбээр тойргийнхоо бөөчнөөр адислуулан Чингис хаанаар “тодрох” аваас сонгууль сонгуульд алзахгүй гэдэг чээжний тооцоо хийсэн байхыг үгүйсгэх аргагүй. Энэ мэтчилэн бөөчдийн “увдис”-ыг мэдэрч өөрийн секттэй болох хүсэл тээсэн улстөрч арвин. Нөлөөтэй улстөрч, олны танил хүмүүсийг галдаа ойр суулгах нь бөөчинд ч тустай. Ийм нэг нандин холбоо аль хэзээний сүлжээ болон өргөжжээ. УИХ-д бөөчний уг тасрахгүй гэдгийг Н.Батбаяраас буухиа авсан С.Жавхлан тодхон харууллаа. Зүсэн зүйлийн бөөгийн сект “тэнгэрлиг хийморь”-оо хөлөглөн Төрийн ордон гороолж явааг тэр жил Хархоринд хурган даргын нэр дээр гозойлгосон боржин баримал шиг олон пенис нотолно.

                                                                                                                                       
1 Энэ бүх цол, өргөмжлөл бүгд Булган аймгийн харьяат Н.Г.Өлзийхутагт хамаарна.



        Үргэлжлэл бий




"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив