Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Үг утаа болохын цагт
2017 оны 2 сарын 16 [Уншсан тоо: 33467]

Монголд багцаагаар 64 мянган хүн мансуурагч, хар тамхинд донтогч гэдэг нэр зүүх гэнэ. Нэг хар тамхи хэрэглэгчийн цаана далд дөрвөн хүн байдаг гэж дэлхий нийт үздэг жишгээр 16 мянган хар тамхичин, мансууруулагчаа дөрвөөр үржүүлээд гаргасан арифметик хариу. Монгол Улсын Ерөнхийлөгч Маартын наймнаар мянган ээжийг өмнөө суулгаж байгаад “Та дөрвөн хүүхэдтэй бол нэг нь, найман хүүхэдтэй бол хоёр нь хар тамхи татаж байна” гэж мэдэгдлээ. Тэнд суусан ээжүүд байтугай зурагт үзэж суусан дөрвөн хүүхдийн эцэг аль нэг хүүхдээ дэлсээд авмаар санагдсан байх. Цагаан сараас хойш монголчууд хар тамхи л ярьж байна, үндэсний эмгэнэлийн хэмжээнд хүрсэн учраас ярьж байгаа гэсэн.

ХАР ТАМХИ ХЭМЭЭХ ХУРГАН ЗАСАА

Карл Маркс гэж лут филисофич, маш сайн нийтлэлч асан. Тэрбээр 1843 онд бичсэн Хегелийн эрхзүйн философийн шүүмжлэл бүтээлийнхээ өмнөтгөлд Religion ist Opium fьr das Volk гэж бичжээ. Шашныг халж коммунизм хэмээх цоо шинэ суртал нэвтрүүлэхээр оролдсон Ленин дээрх үгийг “Религия есть опиум народа” гэж оросчлоод хэлц болтол нь ашиглав. Багш ламынхаа багшаар Ленинийг зарласан монголчууд харин “Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи мөн” хэмээн буулгасан байна. Дээрх хоёр хэлийн аль алинд “опиум” гэж орсон энэ мансууруулагч бол опиумын намуу цэцгээс гарган авдаг нэгэн төрлийн мансууруулах бодис юм. Энэ нь “Саруул талаас түүж хөөстэй саван болгоод хөөрхөн гараа угаадаг” намуу цэцгийн нэгэн зүйл. Үүнд Монгол нутгийн голын сайр дээр ургадаг хурган засаа хэмээх нарийхан ишин дээр ганхах дөрвөн дэлбээт цэцэг ч ордог. Уул шугамдаа дээрх хэлцийг “Шашин бол ард түмнийг мунхруулагч хурган засаа мөн” гэж орчуулах байж. Монголд өнөөдөр “хар тамхи”-ны хэрэглээ замаа алдаж гэж ярих боллоо. Гэхдээ “хар тамхи” гэдэг нь ерөнхий нэршил. Эндээс бүх асуудал гардаг. “Мансууруулагч” гэвэл зохих бүлэг бодисыг бид анхнаас нь буруу нэрлэсэн. Эрүүгийн хуульд “мансууруулагч” гэж бичсэн байдаг ч хүмүүс “хар тамхи” гэж ярьдаг.

Ерөнхийлөгч маань монгол хүн л болсон хойно бас ингэж л ярьсан. Чухамдаа бол өвдөлт мэдрэхгүй болгодог химийн бүлэг нэгдлийг өнөөдөр хүн төрөлхтөн narcotic гэж байгаа юм. “Апираас” (операция)анд ороход хэрэглэдэг “норкооз” бол үнэндээ “хар тамхи”. Тиймээс хуульд өдгөө “мансууруулах бодисын хууль бус хэрэглээ” гэж ярьдаг. Тэгэхээр апираасанд орсон хэн боловч хар тамхи хэрэглэж үзсэн болж таарах нь. Харин ямар мэдрэмж төрсөн нь жич асуудал. “Хар тамхи” гэдгийг Монгол хэлний товч тайлбар толь бичиг-т “Намуу цэцгийн төрөл, урт бөгөөд том навчтай, шар буюу улаан цэцэгтэй ургамал. Түүнийг гүйцэт боловсроогүй байхад огтолж, сүү мэт шүүсийг авч хатаасныг хэлнэ” гэж тайлсан байгаа болохоор “хар тамхи” гэдэг бол яалт ч үгүй намуугийн төрлийн цэцэгсийн бүтээгдэхүүн ажээ.

ХАР ТАМХИТАЙ МОНГОЛ

Хар тамхитай холбоотой хэрэг саяхны зүйл биш. “Аливаа түшмэл ард хэн боловч хар тамхи татаж болохгүй. Мөн тамхийг худалдах, худалдан авахыг хориглох, зөрчигчдийг ял шийтгэх, бас гадаад хүнээс хар тамхи авч үл болох, амьд цэцэг тарихыг хориглох тухай зарласан бичгүүд, дамжуулан хүргэх дугтуйтай бичгийн дагавар”-ыг Төр гэрэлтийн XIX он буюу 1839 онд гаргасан байна. Манжийн үеэс эхтэй энэ үзэгдэл Хүрээний суугуул ардын дунд ихэд дэлгэрч, гэртээ цэцэг тарихыг чандлан хорьсон байхыг үзэхүл монголчууд XIX зуунаас мансууруулах төрлийн ургамлыг тарималжуулжээ. Манжаас салж, тусгаар тогтнолоо зарламагцаа гаргасан зарлиг тогтоолын дотор “Хар тамхи худалдах, татах, тарихыг цаазлан хориглосон бичээс” багтдаг.

Манжаас салаад ч байдал төдийлөн дээрдээгүй аж. Ардын хувьсгал гэгдэх үйл явдлаас хойш, 1921 оны арваннэгдүгээр сарын 02-нд хуралдсан Засгийн газрын XXI хуралдаанаар хар тамхи татахтай тэмцэх шийдвэр гарчээ. Эндээс эхлээд хил гаалийг хатуу чандласан бололтой. Жишээ нь, 1922 онд хятадууд Ёнзонхамба Лувсанхаймчигийн жасд түлээний аргал буулгах халхавчин дор хар тамхи хатаан хил нэвтрүүлж байсныг Ардын засаг илрүүлсэн тухай С.Жанцангийн Гэмт явдал судлал эмхтгэлд оруулсан байна.

Социализмын бүрэн төгс ялалтын жилүүдэд ч хар тамхины хэрэг гарсаар иржээ. Ихэнх эзэн холбогдогч нь манайд байнга суудаг орос, хятад цагаач нар. 1926, 1929, 1949, 1961 он зэрэг онуудын үе үеийн Эрүүгийн хуульд хар тамхи буюу мансууруулах бодистой холбоотой заалт байсан. 1961 оны нэгдүгээр сарын 31-нд баталсан Эрүүгийн хуулийн 10 дугаар бүлгийн 186 зүйлд “Хар тамхи, Энэтхэгийн олсыг зөвшөөрөлгүйгээр таривал нэг жил зургаан сар хүртэл хорих эсвэл 500 төгрөгөөр торгоно” гэжээ. Эндээс Монголын мансууруулах бодисын хэрэглээнд зэрлэг олсны ургамал буюу “Энэтхэг өвс” гэж нэрлэсэн хашиш хэдийнэ орж ирснийг харж болно. Ямартай ч бид “бусдын жигшээр” хар тамхитай явж ирсэн байна.

МЭРГЭЖЛИЙН ХҮНГҮЙ ОРОН ЗАЙ

Мансууруулах бодис хэрэглэгчид маань давгүй мэргэшиж, төрөлжиж байгаа ч тэдэнтэй тэмцэх улсуудад нь үнэндээ мэргэжил битгий хэл мэдлэг ч алга. Ерөнхийлөгчийн саяхны уулзалтад илтгэл тавьсан хүмүүсийн ярианд аваад үлдчих үнэмшилтэй баримт ганц ч байсангүй. Хүн айлгах зорилготой юм уу гэмээр хэдэн том тоо хаа нэг дуулдсан. “Алтан гурвалжин” нэртэй хар тамхи борлуулдаг сүлжээнд монгол залуусыг элсүүлэх болжээ зэрэг сүр үгс хэлэгдсэн. Үнэндээ бол дэлхийн хамгийн том гурван бэлтгэн нийлүүлэгчийн нэгийг “Алтан гурвалжин” гэж нэрлэдэг. Үүнд опиум тариалдаг Тайланд, Мьянмар, Лаос улсууд багтдаг. Эндээс Хятад руу мансууруулах бодис зөөдөг. Үүнд манайхан холбогдох нь элбэгшсэн. Гэтэл гаалийн үнэрч нохойдоо “татуулах” хар тамхи орлуулагч хүртэл манайд байдаггүй ажээ.

Одоогоор манайд бүртгэгдсэн мансууруулах бодистой холбоотой гэмт хэргүүд зөвхөн дотооддоо борлуулах, өөрөө хэрэглэх зорилготой байжээ. Уулаасаа Хятад, Орос хоёрын энэ зах зээл манайхаар дайрдаггүй тул бид транзит орон болчихно гэж айлтгүй. Харин хүмүүсээ айлгаж байхын оронд суурь судалгаа эхлээд хийвэл үр дүн нь хавьгүй дээр баймаар. Манай зарим нэг судлаачийн судалгаагаар өсвөр насныхан шохоорхоод элдэв бодис хэрэглэж үзсэн гэж хариулдаг гэнэ. Өнгөрсөн хэд хоногт өсвөр насныхан байтугай өвгөн хүн ч сонирхоод үзмээр “хар тамхи” гэж ярилаа. Тэд түүнийг сонирхож л таарна. Нас нь юм чинь. Үг яриа утаа болоод хөшилдөхийн цагт үр хүүхдээ бид зодоод нэмэр байх уу?

2012 он




МОНГОЛ БА ХАР ТАМХИНЫ ХУДАЛДАА

       Манай сурвалжлагч мэдээлж байна
     
  Санкт-Петербург. Есдүгээр сарын 3.

Монголын хилээр хар тамхи оруулах гэж байснаа Английн синдикат зөвшөөрсөн талаар Өргөөгийн хоёр ч сонинд мэдээлсэн нь оргүй үг биш бололтой. Өргөө дэх дипломат төлөөлөгч М.Миллерийн засгийн газартаа мэдэгдэж буйгаар уг синдикатын төлөөлөгч Харбины франц эр хилээр хар тамхи гаргах зөвшөөрөл авахын тулд жил бүр 1 000 000 рубль (100 000 паунд) төлж байхыг эрх мэдэлтнүүдэд санал болгосон аж. Албан ёсны эх сурвалжууд ч уг үйл явдлын талаарх мэдээллийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд синдикатыг Английнх гэдгийг зарлалаа.

Оросоор дамжуулан Монгол руу хар тамхи зөөх уг шинэ арга Монгол болон Орост аюул заналхийлж байна хэмээн төлөөлөгч М.Миллер үзэж байгаа юм. Харин нэг сая рублийн талаарх мэдээллийг Монголын Засгийн газар үгүйсгэж байгаа бөгөөд монголчууд хар тамхи хэрэглэдэггүй хэмээн мэдэгдсэн байна.

Тэгэхээр Монголын засгийн газрын мэдэгдэж буйгаар хил давуулахыг завдсан уг хар тамхи тус улсад оршин суудаг хятад иргэдэд очих байсан бололтой гэсэн таамаг дэвшүүлэхэд хүргэж буй юм. Энэ явдал Энэтхэг, Хятадын хар тамхи Монголоор дамжин эзэддээ очдог болсныг, хар тамхи наймаалагчид Хятад руу бүх л бараагаа зөөвөрлөхөөс татгалзах болсныг харуулж байна. Тэдэнд монголчуудад бараагаа нийлүүлэх сонирхол байгаа хэдий ч хар тамхины хэрэглээнд монголчууд бэлэн биш байгаа нь уг шинэ санаачилгыг хэрэгжүүлэхэд саад болж байна. Гэхдээ Английн синдикатууд тэднийг хүлээсээр л байгаа.
        
The Times 1913-09-04



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn