Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Би булаг руу гүйж явна
2017 оны 2 сарын 24 [Уншсан тоо: 36001]

Хуланц эцэг маань анх Богдыг төвдөөс үүрч ирэхдээ цухалдаж байсныг хэлэх юун. Богдыг замдаа морь харахад нь боожгойг нь няслаад “Наадах чинь чамд ямар хэрэгтэйг чи мэдэх үү?” гэж асууж байлаа. Элэнц эцэг маань харин Богдыг давсгаа суллахад сархинагаа дүүргэдэг болжээ. Өвөө маань аавыгаа дуурайн уух санаа их байсан ч оросууд молокогоор угжиж эхэлсэн хэрэг. Очир Дарын шавьсанг ярвайн хүртэхээс орос эхнэрийн хөхний сүү мэдээж амттай. Ядаж л салтаанаас биш чээжнээс гарсан болохоор өнгө, амт, чанар төдийгүй ундаргын төвшин эрс дээшилжээ. Аав маань цэвэр молоконы хүүхэд болон өсч бойжсон ч орос эхнэр Маркс гэдэг хархүүгийн “Капитал” нэртэй зүйлээс горьдож орхив. Тэр нь зөөлөн чихрийн улаан өнгөтэй хоосон хайрцаг. Уул нь гаднаас нь хараад цатгалан хүний апитет ч хөдөлмөөр гоё эд. Онгойлгоод хартал хов хоосон. Орос эхнэр одоо болтол халуурсаар... Хуурч барьж аргалдаг дом байдаг юм билээ л дээ, гэхдээ ёс мэдэхгүй хүнд ёр халдахгүйн гайгаар эдгээ ч үү, үгүй ч үү.

Харин би хааяа хоёр төгрөгөөр молоко авч үзсэн. Ихэнхидээ орос дэлгүүрийн үүд сахиж олдог болчихсон үед төрсөн азгүй хог. Нэг удаа орос дэлгүүр дээгүүр очлоо. Яаж молоко авах аргаа олчихсон тул их л додьгор байв. ”Эй, солдат. Купи мне пожалуйста молоко.” Солдат зөвшөөр ч байна. Шанд нь нэг цохдох гэнээ, тэр ч яахав. Yзэхээрээ л нэг болсон, хааяа хамраас цус гардаг л юм. Духныхаа ачаар мөн ч олон тэмдэг, малгай, бүс, тушёнка авсандаа гэсэн шүү юм бодож зогслоо. Солдат ч гараад ирэв. “На, а теперь...” гээд лаазтай сүү өглөө. Сайхан шатлаа даа... Тасхийтэл цохдов. “Ёоё, молоког оросоор юу гэдэг юм бол?” Намайг молоког оросоор юу гэж хэлдгийг мэдэхээс өмнө молоко сураггүй болж солдат, цох хоёр дурсамж болов. Удалгүй “Шинэ үе Пепсиг сонгож байна” гэхээр нь саваагүйтээд амсаж үзлээ. Саваагүй гэхээсээ илүү шинэ үед багтах гэж л гэх үү дээ. Гэвч нэг л хиймэл амт, баахан нүүрс хүчлийн хий ажээ. “Яагаад жинхэнэ цэвэр амт мэдрэгдэхгүй байна?” гэж авч ирсэн нөхрөөс нь асуувал “Манай аавыг хайралбал чамд янзтай гоё амтагдана” гэв. Төрсөн эцгийнхээ ачийг хариулаагүй байж хүний эцгийг хайрлах ч яамай байлгүй. Яаж цангаагаа тайлъя даа. Цэвэр тунгалаг, тагнай ташим булгийн ус л ууя. Аз болоход ТYЦ-д Булгийн ус байна гэнээ. Нэг шилийг авлаа. Энэ ч арай л булгийн ус биш ээ. Хлораминтай крантны ус. Хүйтэн л бол булгийн ус гэж боддог юм байх даа. “Өвөө, энэ чинь хулхи юм байна, мөнгөө авъя”. “Зарагдсан барааг буцаахгүй”. Ийм л ичих нүүрэндээ скоч наасан хүмүүс ТYЦ-д суух юм даа. Би цааш хар эрчээрээ гүйлээ. Ам цангаж байна. Би булаг руу гүйж явна.

2000.03.15




"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив